Хайрхан уулаараа овоглосон Чингэлтэйчүүд 30 нас “ХҮРЛЭЭ”

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй хайрханд хүндэтгэл үзүүлэх “Хайрхан тахих” ёслол болон “Иргэдийн баяр” болж өнгөрлөө. Энэхүү ёслолын зорилго нь Чингэлтэй хайрхны лус савдгийг баясган тахиж, тэдний ивээлд багтан буян хишгийг нь иргэддээ хүртээх, дүүргийн ирээдүйн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг даатгах, Чингэлтэй хайрханд хүндэтгэл үзүүлэхэд оршино.

Иргэдийн баярыг дүүргийн туг далбаа мандуулах ёслолоор нээж, Чингэлтэйчүүд Хайрхан уулынхаа өвөрт дүүргийнхээ тугийг залсан юм. Үүний дараа “Дүүргийн тугийг мандуулах тухай” Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/267 дугаар захирамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар уншиж танилцуулснаар иргэдийн баяр нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл “Монголын Нийслэл болох их хотоо араас нь “түшиж” дүнхийн заларсан ариун тахилгат Чингэлтэй хайрхнаараа овоглосон төрөлх дүүрэг маань өнөөдөр 30 насыг хүрлээ. Энэ түүхэн хугацаанд Чингэлтэй дүүргийн маань өсөлт хөгжил, ололт амжилт чамлахааргүй их.

Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх эрхэм зорилгын хүрээнд төр захиргааны байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, цахим засаглалын үр өгөөжийг нэмэгдүүлэн, мэдээллийн шуурхай байдлыг хангаж, нутгийн захиргааны байгууллагын төлөвлөлт, хэрэгжилтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллалаа.

Бид дүүргийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлсний дүнд иргэдээ дээдэлсэн, хүн арддаа ээлтэй, боловсролын ялгааг арилгасан, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулсан, гэрэлтэй, замтай, тохижилттой “Жишиг дүүрэг” болохоор тэмүүлж байна” хэмээн онцлов.

Арга хэмжээний үеэр дүүргийн хөгжил дэвшлийн төлөө залуу нас, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан дүүргийн иргэн Ц.Тунгалаг, А.Тангад нарт дүүргийн дээд шагнал “ ХҮНДЭТ ИРГЭН”-ий шагналыг гардуулав.

Арга хэмжээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын иргэд өргөнөөр оролцсон бөгөөд урлаг соёлын арга хэмжээ, иргэдийг оролцуулсан уламжлалт тэмцээн наадгайг зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top