ЧИНГЭЛТЭЙ: Хайрханыг тайх ИХ ТАЙЛГА боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх их тайлга тахилгын ёслолыг намрын тэргүүн сарын шинийн 30-ны өдрийн билэг дэмбэрэлтэй сайн өдөр буюу өчигдөр зохион байгууллаа.

Их тайлга, тахилгын ёслолд Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Засаг даргын орлогч Б.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, 1-24 дүгээр хороодын Засаг дарга, ЗДТГ-ын алба хаагчид, дүүргийн иргэд сүсэгтэн олон оролцов.

Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн тугийг хүндэтгэн залснаар ёслолын үйл ажиллагаа эхэлсэн юм.

Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл их тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн Засаг дарга миний бие Дөрвөн хайрхан, түүний дотор Чингэлтэй хайрхныхаа түүх шаштирыг нарийвчлан судалж, эрдэмтэн мэргэд, ахмад буурлуудынхаа санал хүсэлт, дүгнэлтийг үндэслэн “Алтан ембүү” лугаа хүрээ дөрвөн хайрхан буюу Чингэлтэй хайрхны тахилгын дэг жаягаар тахин шүтэж байна. Найман зүгтээ буянт үйлийн босоо тавилантай, өглөг, даллагын цай торгоны замтай, настан буурлууд, эхэс нялхаст хайрласан, эрдэмт мэргэд, лам хуврагат бясалгал оюуны ухаарал бэлгэдсэн ариуссан хайрхан гэж таван тансгийнхаа дээжийг өргөж, ан амьтан, байгалийн үлэмжийн төгөлдрийг харж буян хишгээ хайрлалаа гэж сүсэгтээ баясаж, санасан хүслээ залбиран наминчилж ирсэн бидний үе удам, ураг төрөлд буян заяа хайрлаж мөнхөрсөн шүтээн хайрхан билээ. Их хайрхны минь лус савдаг гурван цагийн эргэлтэд ариун дагшин байж, сүсэгтэн олны минь хүсэл мөрөөдлийн их харгуй цаг цагийн их урсгалд мөнхөрч, түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн байхын сүүн цагаан цацлыг өргөе” хэмээв.

Үүний дараа шар торгон дээр хуучин монгол бичгээр бичсэн Чингэлтэй хайрхны захирамжийн айлтгалын бичгийг тусгайлсан ширээнд хүндэтгэн залав.

“Дашчоймбол” хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж хайрханы сахиусыг аргадаж тайлсан юм.

Ном хурж хайрхны сахиусыг аргадаж тайсны дараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Зөвлөх Х.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гол буюу их овооны зүүн, баруун талын сорогчинд таван өнгийн хадаг уяв.

Үүний дараа морь сэтэрлэх зан үйлийг үйлдсэн юм. Энэ нь мал сүргээ өсөж үржихийг бэлгэдэн тэнгэр эрхэс, гал голомт, бурхан шүтээн, уул овоондоо даатгаж ирсэн монголчуудын уламжлалт зан үйл юм. Сэтэрлэж буй малын нас зүс, удам угсаа, үр төл, ашиг шим эзэндээ ямар тустайг нь дуудан өөдлөн дэвжихийн өлзийтэй үг хэлж малдаа сүү амсуулаад ижилд нь тавьдаг уламжлалтай.

Чингэлтэй Хайрханы тэнгэр, сахиусыг тайх даллагын тариа будаа, рашаанаас уламжлалт зан үйлийн дагуу хишигтэн олонд зэд хүртээсэн юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(202.179.25.6) 2022 оны 09 сарын 27

Эдэнд уул овоо тахихаас өөр ажил олддоггүй юм уу. Юмны үнэ нэмэгдээд ард түмэн чинь хэцүүдэж байхад уул овооноос гуйж явна уу.

0  |  0
Иргэн(103.57.93.50) 2022 оны 09 сарын 26

Байгаль сүйтгээд иржээ.

0  |  0
Хн(202.21.107.69) 2022 оны 09 сарын 26

Энэ дуракуудад өөр хийх юм алга уу .

0  |  0
Top