“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны ажлаа тайлагнадаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо. Газар тариалангийн 175, хүнсний 136 үйлдвэр, хөнгөний 10 үйлдвэр оролцож, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийв.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа.
Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо.
Мөн энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 иргэн, аж ахуйн нэгжийг шилдгээр тодруулав.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин Д.Болортуяа
- Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “Жожилдаян” ХХК
- Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “4VR” ХХК
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин Л.Чимгээ
- Шилдэг техник технологи нэвтрүүлэгч “Норбу Экьюпмент” ХХК
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч
- Дорнод аймгийн Халх гол сумын шилдэг зөгийн бал үйлдвэрлэгч “Батэм” ХХК
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, хамгийн их төмс борлуулсан ногоочин Г.Баянбямбаа
- Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, шилдэг жимсчин Б.Өнөржаргал
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын шилдэг хоршоо “Мандал органик фүүдс” хоршоо
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шилдэг хоршоо "Алтанцацал” хоршоо
- Төв аймгийн Алтанбулаг сумын шилдэг хоршоо "Эко ногоон брэнд” хоршоо
- Ховд аймгийн Буянт сумын шилдэг аж ахуйн нэгж "Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарав.
ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
- Талх чихэр ХК-ийн “Чиабатта” талх шилдэг шинэ бүтээгдэхүүнээр
- БОСА Кондитер ХХК–ийн “Зөөлөн чихэр” импортыг орлох шилдэг хүнсээр
- Хужирт цагаан ХХК Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр
- Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон орон нутгийн шилдэг оролцогчоор
- Үлэмж органик ХХК шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр
- Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шилдэг аймгаар
- Милко ХХК -ийн “Mongolian Camel” ингэний хоормог экспортын шилдэг хүнсээр
- Сүүн билэгдэл ХХК -ийн “Хонгор брэнд” сарлагийн сүүний бяслаг онцлох шимт хоол, хүнсээр тус тус шалгарав.
ХӨНГӨН, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
- Чиглэл ХХК -ийн шингэн хүнс хадгалах ган сав онцлох шинэ бүтээгдэхүүнээр
- Говь гоо ХХК-ийн “Гоо мазаалай” гуужуулагч багц онцлох шинэ бүтээгдэхүүнээр
- Монпеллетс ХХК-ийн хонины ноосон органик бордоо экспортын шилдэг бүтээгдэхүүнээр
- Дарьт шүтээн ХХК–ийн хурганы мах экспортын шилдэг бүтээгдэхүүнээр
- Урлахуйн жигүүр ХХК-ийн “Жигүүр брэнд” импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр
- Усны зөн ХХК-ийн “Чандмана” хүнсний зориулалтын хуванцар сав импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр
- “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Их халбагант” ХХК
- Улсын тэргүүний "Баян зөгий” хоршоо шилдэг хоршоогоор
- "Цэвэр хөрсний шим” дундын хоршоо шилдэг хоршоогоор тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )