НӨАТ-ын сугалааг ШИНЭЧИЛСЭН хувилбараар ирэх сард явуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

НӨАТ-ын сугалаа "эргэн ирлээ". Ирэх ирэхдээ бүр дуулиантайгаар ирлээ. 

Учир нь сугалааг дахин явуулах талаарх Сангийн яамны албан ёсны хуудаст байршуулаад, буцаагаад устгасан сурталчилгаа шүүмжлэл дагуулав. Энэ сурталчилгаанаас "И-баримт уншуулдаг бол өлөн, ТҮК-ийн ажилтан ядуу" гэх агуулга бүхий иргэдээ доромжилсон дүр зураг маш тод харагдана. 

Ийн дуулиантайгаар дахин явуулах гэж буйг зарласан НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 12-нд болох гэж байна. 

Ингэхдээ тохирлын журамд дараах шинэчлэлийг хийжээ. Үүнд,
 

  • НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.
     
  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм.
     

Эргэн сануулахадНӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын улирлаар олгож, сар тутамд сугалаа явуулдаг байсан. Гэвч сугалаа нь иргэдэд хүртээлгүй, Сангийн яам, Татварын ерөнхий газрын ажилтнуудын хамаарал бүхий хүмүүс өндөр дүнгээр хонжвор авч байна гэх гомдол гарсан байдаг. Үүний дагуу 2021 оны хоёрдугаар сард ШӨХТГ-аас шалгалт хийж, тухайн үеийн дарга Б.Бат-Эрдэнэ “НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс шалгалт хийхэд одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3.8 сая төгрөг хожжээ. Хамгийн ихдээ нэг ажилтан нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон. Тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон нь тогтоогдлоо” гэж мэдэгдэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top