Засгийн газрын өчигдөр /2022.09.28/-ийн ээлжит хуралдаанаас Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Хөдөө орон нутаг руу шилжин амьдрах сонирхолыг өрнүүлэх, үүний тулд хөдөөд орон сууцны зээл, үнийг хямдруулах, бараа шатахууны хангалтыг сайжруулж, үнийг бууруулах, цалингийн нэмэгдэл, урамшуулал олгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлвэл л үр дүнд хүрэх юм шиг манагдана, хөдөө рүү шилжвэл нэг удаагийн мөнгө олгоно гэдэг дэмий, авчихаад жил болоод л буцаад ирнэ. Ер орон нутгаа хөгжүүлж байж л амьдрал тэгш сайжирна даа
Автобусны богино эргэлийн чиглэлийг сайн бодолцмоор юм. Баруун талаас баахан богино эргэлтийн автобусууд зөвхөн 3-р эмнэлгээр хоосон шахуу буцаж эргээд байх юм. Энэ чиглэлийн автобусуудыг ядаж баруун 4 замаар эргүүлж өгвөл бусад урт чиглэлийн автобусны ачаалал буурах юм шиг санагдаж байна.