ОЛОН ӨНГӨ: Далай ээжийн дуу

2022 оны 10 сарын 01

Хөвсгөл далай ээж, түүний хөвөө газрын дуу авиа, хөг эгшиг өөр хаана ч үгүй ер бусын баялаг. Усны, шувуудын, ой моддын, амьтдын, усан онгоцны, үйлдвэрүүдийн, машин техникийн гээд энэ бүх дууг ангилж болох мэт.

Намрын цагт энэ хөг авиа бүр ч баян. Үзүүртээ бөөн бөөн цагаан хөөс цахруулан цалгиулан буух зэгэл саарал давалгааны хүрхрээн, долгисын сэрвээн дээгүүр хүүгэх салхины битүү нүргээн, долгион дундаас загас шүүрдэн элэн халих цахлай шувуудын чарлаан, басхүү энэ их нүргээн намдахтай зэрэгцэн нугас нуугиж, ангир ганганаж, галуу чихран хөг аялгуу нэгтгэх ер бусын чуулбар . Алтан мөнгөн хайрсаа наранд гялбуулан солонго татах мэт гоёмсгоо гайхуулан өндөрт үсрэн дүүлэн наадах загасны цэл цал хийлгэн ус цалгиулах чимээ. Салхинаа зөрөлдөн шуугих шинэс модны нарийн үзүүр, нарс, улиасны сэрчигнээн, хур тосон дохилзох өнгө өнгийн цэцэгсийн сүрчиг ханхлуулан сэрвэгнэх ер бусын намуухан уянга.

Далай ээжийг эмжсэн өндөр өндөр уулсаас буун ирж хүйтэн цэнгэг уснаас ундаалан байх бугын урамдаан, гөрөөсний шуухираан, баавгайн хүрхрээн, чонын улиан хавсарч бас нэгэн төрлийн араатны аймгийн аялгуу дууг үүсгэн усны урсгал, хад цохио алгадан буух давалгаа, асга дамнан агсрах долгисын хөг дээр сүлэлдэнэ. Умард эргээр нь зэрлэг цаан сүрэг хууринан, хуухитнан бэлчиж явах ч шиг.

Нэгэн цагт далай ээжийн хөвөөнөө усан онгоц, үйлдвэрийн яндангийн дуу цуурайлж байсан юм. Боомтдоо ирж яваа усан онгоцны яндангаас Монголын өөр хаана ч байхгүй өвөрмөц нэгэн дуу хадна. Хавийн газарт нүргээн татуулсан сөөнгөдүү дуу ойр ойрхон чимээлэх нь Хөвсгөл далайн хойд, урд хоёр захад орших Хатгал, Ханх хоёр усан боомтын хооронд“Ургац”, “Долгион” тэргүүт  хэдэн чиргүүл араасаа угсарсан “Сүхбаатар” усан хөлөг боловсруулалт хийсэн хөдөө аж ахуйн түүхий эдийг ЗХУ руу гаргаж, оронд нь баруун аймгуудыг хангах өргөн хэрэглээний хүнс бараа, хувцас хунар, түлш шатахуун, амттан шимттэнийг тээн ирж байгаа нь тэр.

Өглөөний найм, орой 16, шөнийн 00 цагт яндангийн цуурай хангинуулан дуугаргадаг нэгэн газар байсан нь аж үйлдвэрийн комбинатын нэгэн салбар, аль тэртээ 1933 оноос Далай ээжийн хөвөөнөө үйлдвэрийн дуу нижигнүүлж цахилгаан гэрэл гялбуулсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэр. Гурван ээлжээр тасралтгүй ажиллан техник технологийн хүчээр баруун аймгуудын хонины ноосыг мяндас болтол  угаан баглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хойд хөршид гаргадаг тэр үйлдвэр өдөрт гурвантаа яндан хангинуулан ээлж сольсныг чимээлж буй нь тэр.  Тэр их ноос, түүхий эдийг тээвэрлэж ирсэн хэдэн аймгийн авто баазын машинуудын өчнөөн арван км үргэлжилсэн дарааллаас үүсэх техникийн нүргээн энэ бүхэнд бас хачир нэмнэ. Далай ээжийн дуу, хөг эгшиг ийм ер бусын хийгээд олон янз билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top