ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өглөө.
Тус аймагт зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь “Төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах, харилцан ажиллагааг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар явагдах юм.
Энэ хүрээнд иргэд, олон нийтэд зориулсан “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” болон “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” танхимын сургалтыг зохион байгуулж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлнэ.
Мөн аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалган, жагсаалын жигдрэлтийн үзлэг хийж, удирдах бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж, харилцан ажиллагааг жигдрүүлэх юм.
Түүнчлэн газар хөдлөлт, төмөр замын ослын үеийн аврах ажиллагааны дууриалган үзүүлэх болон Орхон аймгийн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )