Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 01-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түр хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгалаа.
Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, зарж борлуулахыг хориглож байгаа юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )