Мал эмнэлгийн байгууллагын гүйцэтгэлийн хэлэлцүүлэг өрнүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Монгол Улсын Мал эмнэлгийн албаны гүйцэтгэл, ахиц дэвшилд 2019 онд хийсэн үнэлгээнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар талуудын уулзалт хэлэлцүүлэг болж байна.

Тус уулзалт, хэлэлцүүлэг нь мал эмнэлгийн үйлчилгээг чадавхжуулах, зоонозын халдвар, бичил биетний тэсвэржилт, хүнсний аюулгүй байдал, нийтийн болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих чиглэлээр эрх, чадавх бүхий удирдах байгууллагууд хоорондоо уялдаа, зохицуулалтаа бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох боломжийг бий болгох зорилготой.

Дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр Монгол Улс 1989 онд элсэн орж, мал, амьтны эрүүл мэндийн онцгой байдлын үед дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг манай улсад анх 2007 онд хийсэн бөгөөд түүнээс хойш дахин 2019 оны үнэлгээгээр тодорхой ахиц дэвшил гарсан гэж дүгнэсэн.

 

 

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосон. Мөн мал, амьтны өвчингүй бүс нутаг, тодорхой өвчнөөс эрүүл бүс болгохыг баталгаажуулан ажиллаж байна.

Үүний нэг жишээ бол 2022 онд Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулж гэрчилгээгээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас хүлээж авсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
малын эмч (59.153.87.227) 2022 оны 10 сарын 05

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаад одоо л нэг цэгцрэх төлөвтэй болж байна.. За даа өмнөх хэд бол хөөрхий амьтад байсан ш дээ. Түмээ гэж нэг хөлдүү мөн ч их самарсан даа.

0  |  0
Top