Эрүүл мэндийн сайдын тушаалаар зургаан аймгийн "Бүсийн оношилгоо эмчилгээний төв"-д судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох ангиографийн аппараттай болжээ.
Тодруулбал, Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор ангиографийн аппарат худалдан авахад зориулж 10.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.
Төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан зүрхний ишеми, цочмог шигдээс, элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, тархины судасны оношилгоо, диализийн тунель, бөөрний судасны оношилгоо, хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг аж. Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.
Жишээ нь, Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны 12 дугаар сараас хойш үзүүлж эхэлжээ. Мөн аймгийн болон ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээр дурдсан гурван аймгийн иргэдийн нийслэлийн зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна. Бусад аймггуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургах нь хамгийн чухал. БОЭТ-ийн эмч, сувилагч, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотын УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ангиографийн тасгуудад суралцахаас гадна Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна. Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас үл хамааран онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг орон нутагт очин мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Ангиографийн аппарат худалдан авахад 10,8 тэрбум төгрөг зарцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )