ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцууллаа.
(2022.10.06)
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд 2022 оны тавдугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжиж байгаа Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын мэдээллийг хүргэлээ.
Тэрээр "Эрт илрүүлэгт есдүгээр сарын 29-ний байдлаар 354.141 иргэн хамрагдсанаас 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 51 хувь нь Улаанбаатарт, 49.9 хувь нь орон нутагт байгаа бөгөөд улсын хэмжээнд үзлэг шинжилгээнд жигд хамрагдалтай явагдаж байгааг харуулж байна.
Үзлэгт хамруулсан хүмүүсийн 64.7 хувь нь 0-17 насныхан байгаа бол 35.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байна.
Хамрагдалтын байдлыг орон нутгаар нь авч үзвэл Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа бол Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн хамрагдалт харьцангуй бага байна.
Төв аймаг, Хөвсгөл, Орхон, Завхан, Дорноговь, Дархан-Уул аймгуудын иргэдийн хамрагдалт бусад аймгаас өндөр байна.
Үзлэг шинжилгээнд хамрагдсан 356 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэний үзлэгийн дүгнэлт гарч дууссан. 41 мянган иргэний үзлэг шинжилгээ үргэлжлэн явагдаж байна. Үзлэгт бүрэн хамрагдсан 314 мянган иргэнээс 189.106 сэжигтэй тохиолдол бүргэгдсэн.
Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр гарсан сэжигтэй, шаардлагатай тохиолдлуудыг лавлагаа шатны эмнэлгүүдэд онош тодруулах, баталгаажуулахаар хүргүүлж ажиллаж байна.
0-17 насны хүүхдийн үзлэгээр 90.384 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 73 хувь нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна." гэлээ.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
сүнбаатар дүүрэгт яаж хамрагдахаа мэдэхгүй иргэд зөндөө. өрхийн эмнэлэг нь таг иг хороон хорин нь нийгмийн ажилтан энэ талахар ямар ч мэдээлэлгүй байна.