Нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газарт энэ сарын 02-нд төрөхөөр очсон эмэгтэйд хайхрамжгүй хандсанаас болж ураг эндсэн асуудал гарч, ар гэр нь хэвлэлд хандсан байдаг. Тухайн эмэгтэй 24 настай, анхны төрөлт байжээ.
Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр /2022.10.06/ ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тодруулахад дараах хариултыг өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл "Бид бүхэн Нэгдүгээр төрөх дээр нярай эндсэн мэдээллийг авсан. Гэхдээ Эрүүл мэндийн яам бол төрийн захиргааны төв байгууллага. Мэдээллийг тал бүрээс нь судалж үзэж байж та бүхэнд мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ утгаараа та бүхэнд мэдээлэл хэрэгтэй байгааг ойлгож байгаа ч нягталж үзэж дуусаагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.
Эх, хүүхдийн асуудал бол хамгийн түрүүний асуудал. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрөх, төрөх физлогийн процесс ч гэсэн эмнэлгийн тусламж, амаржих газруудын ажиллагаа маш чухал. Үүнийг бид бүхэн мэдэж байгаа. Байнга тэргүүний асуудал байдаг. Эх, хүүхдийн тулгамдсан асуудлаар аравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд үндэсний тавдугаар зөвлөгөөн болох гэж байна. Үүн дээр нярайн эндэгдлийн асуудлыг хөнддөг. Сэргийлж болох эндэгдэл гэж юу вэ, бид яаж сэргийлэх вэ, яаж сайжруулах вэ гэдэг үйл ажллагаа тасралтгүй явдаг. ЭМЯ болон улсын хэмжээний маш чухал үзүүлэлт бол эх, нярайн эндэгдлийн түвшин, хүүхдийн эндэгдлийн түвшин байдаг учраас бид байнга анхааралтай ажилладаг.
Өргөө амаржих газар дээр гарсан асуудлыг бид нягтлаад та бүхэнд мэдээлэл өгнө" гэв.
Сэтгэгдэл ( 0 )