Баруун бүсийн “Хайрхан” төв ашиглалтад орвол нийслэлийн автозамын түгжрэл 40 хувиар буурна 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Нийслэлийн автомашины түгжрэл, зах, худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулах тухай үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд ярьсаар ирсэн ч үр дүнд хүрсэн зүйл үгүй.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх томоохон  төслийг хувийн хэвшил санаачилсан нь  “Нью Фоос”, “Амэ Интернэшнл” компани юм. Тус компаниуд хамтран хотын баруун зах руу өөрийн 28 га газарт “Хайрхан нэгдсэн худалдааны төв” барихаар өнгөрсөн баасан гарагт шавыг нь тавилаа.

Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон холбогдох албаныхан оролцов. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт  эхлүүлж буй тус  бүтээн байгуулалтыг Нийслэлийн ЗДТГ-аас бодлогын түвшинд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж өнгөрсөн хавар “Санамж бичиг” байгуулсан. Хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжүүд өөрсдөө  гаргаж байгаа аж.

 

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ ХУДАЛДААНЫ ТӨВ БОЛНО

 

Нийслэл хот 21 аймаг, 360 сум хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын болон бусад материалаар хангаж буй  гол бааз байсаар ирсэн. Орон нутгийн иргэд үйлчлүүлэх, тэднийг хэрэгцээт бараа материалаар хангах томоохон зах, худалдааны төвүүд, авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний газрууд хотын төв болон зүүн хэсэгт  төвлөрсөн байдаг. Гэтэл  нийслэлээс баруун зүгт 16 аймаг 260 сум оршдог бөгөөд  бараа, материал татаж  авах  тээврийн цуваа   өдөр бүр их хотыг хөндлөн туулж, автозамын түгжрэлд сөрөг нөлөө үзүүлж буй юм.

Тэгвэл “Хайрхан худалдааны нэгдсэн төв” ашиглалтад орсноор автозамын түгжрэл, зах худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хотын замын түгжрэлийг 40 хувиар буруулна гэж тооцоолж байгаа аж. Төсөлд  нийт 27 мянган мкв талбай бүхий барилга байгууламж байхаар төлөвлөгдсөн бөгөөд хүнсний болон бүх төрлийн бараа, барилгын материал, авто сэлбэг худалдаа, засвараас гадна бүх төрлийн үйлчилгээ бүрэн төвлөрч байгаагаараа онцлог юм.

Мөн төмөр замын ачих буулгах талбайд 18 вагон зогсож, худалдаа эрхлэгчдэд үйлчилнэ. Том автомашины 300 зогсоолоос гадна 1200 автомашины ил, 280 автомашины дулаан зогсоолоор иргэдэд жилийн дөрвөн улиралд тав тухтай үйлчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн нийт газрынхаа 50 хувьд ногоон байгууламж байгуулснаар Монголын хамгийн том ногоон байгууламжтай анхны худалдааны төв болохоор  төлөвлөжээ.

 

Д.СУМЪЯАБАЗАР: САНААЧИЛГА, ХӨРӨНГӨ ГАРГАЖ БУЙ ХУВИЙН ХЭВШЛҮҮДЭЭ ДЭМЖИНЭ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шавь тавих ёслолд оролцож үг хэлэхдээ “Судалгаанаас үзэхэд зах, худалдааны төвийн чиглэлд түгжрэл, бөөгнөрөл ихэд үүсдэг. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Өгөөмөр” болон “Дүнжингарав” захуудаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь Нийслэлийн иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг. Олон улс, томоохон хотуудад ийм байдаггүй. Манайд л энэ байдал давтагдсаар ирсэн. Дээр нь манай улсын хүн амын  53 хувь нийслэлд амьдардаг. Болзошгүй аюул, осол, газар хөдлөлт болоход шатамхай бодис ихээр агуулагддаг зах, худалдааны төв, агуулах савнууд  хотын төвдөө  байгааг   бодох ёстой. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Иймд өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд олон улсын түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотой “Хайрхан нэгдсэн худалдааны төв” олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвийг барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй хувийн хэвшлийн удирдлагууд, үндэсний компаниудад  баяр хүргэж, талархал илэрхийлье.

Энэ үйл явдлаар зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар хотын төвөөс гаргах ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Түгжрэл, төвлөрлийг сааруулах хүрээнд  санаачилга гаргаж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж, мөн өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил эхлүүлж байгаа үндэсний компани, аж ахуй нэгжүүдийг нийслэлээс  бодлогоор бүрэн дэмжинэ. Та бүхний хийж буй ажил түгжрэлийг сааруулахад түлхэц болно гэж харж байна. Гол нь хугацаандаа амжих хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа ч гэсэн цаашид бидний хэрэгжүүлэх ажил бол юм  хийе гэж байгаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, санаачилга гаргаж, өөрсдийн хөрөнгөөр ажил эхлүүлж буй  хувийн хэвшлүүдээ бүх талаар  дэмжих хэрэгтэй. Ингэж байж бид эдийн засгийн үр өгөөжээ нэмэгдүүлж, өртөг зардлаа багасгана. Хотын аж ахуйн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий Хотын даргын хувьд би хувийн хэвшлүүдээ дэмжиж ажиллана” гэв.

 

Б.ЭРДЭНЭБААТАР: ИРЭХ ОНЫ IV УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

 

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар энэ үеэр “Хайрхан нэгдсэн  худалдааны төв”-ийг бид 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх хавраас барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд  эхэлнэ. Худалдааны төвд өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв, барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг сайтар тооцож  хийсэн. Нийт  620 ажлын байр шинээр бий болох давуу талтай. Худалдааны төв ашиглалтад орсноор баруун болон урд зүгийн 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээр  хотын автозамын  түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад эерэг  нөлөө үзүүлнэ. Нийт төсөв бол 28 орчим тэрбум төгрөг гэж тооцсон. Одоогоор өөрийн хөрөнгөөр газар шорооны болон суурийн ажлыг эхлүүллээ. Цаашид  хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top