Нийгмийн давхарга шиг орхигдсон 17 нас

2022 оны 10 сарын 13

Чингис хаан музей нээлтээ хийж олон түмэнд үүд хаалгаа нээлээ гэсэн мэдээнүүд ар араасаа хөвөрч, үзэхийг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэтэл үзвэрийн үнэ ханшид алдаа гаргасан нь харагдана. 0-16 насны хүүхэд үнэ төлбөргүй үзэх бол оюутан 15 мянган төгрөг, харин насанд хүрсэн хүн 30 мянган төгрөг байхаар үнийг нь тогтоожээ.

Тэгвэл 17-18 насныхан, их, дээд сургууль болон коллежид элсэж чадаагүй хүүхдүүд тэр дунд нь орхигджээ. Монгол Улсад 2021 оны байдлаар 17 настай 43142 хүн бий. Тэгвэл төр маань хэмнэлтийн бодлого барьснаар тэдгээр хүүхдийн музей үзэж, өвөг дээдсийнхээ түүхтэй танилцах төлбөрийг дааж чадахгүй байгаа бололтой. 17 настнуудыг төлбөрөөс чөлөөлж, 1.2 тэрбум төгрөгийг үрэн таран хийхийн оронд мөнгөө илүү үр бүтээлтэй ажилд зориулах санаа хэн нэгэнд нь төрсөн байж магадгүй.

Үндсэн хуульд 0-18 нас хүртэлх иргэнийг хүүхэд гэж тооцдог байтал музейн захиргаа үнийг авч үзэхгүй бололтой. Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хүүхдийн мөнгө олгох насыг өөрчлөн илүү их мөнгө хэмнэж ч мэдэх юм. Үнэндээ 17-18 настай хүүхдүүд 30 мянган төгрөгөөр музей үзэж, эх түүхтэйгээ танилцахын оронд илүү өөр хөгжилтэй зүйлсийг хийж чадна. Өсвөр насныхан түүх дурсгалын сэдэвтэй зүйлд төдийлөн сонирхолгүй, үзэхгүй гэдэг үзлээр музей үзэх тасалбарын үнийг тоолгүй орхисон бол энэ нь ялгаварлан гадуурхалт болж Үндсэн хуулиа дахиад зөрчсөн хэрэг болно.

Гэхдээ гол учир нь мөнгөндөө  биш л дээ. Нийгмийн давхарга, насны бүлгээ анзаардаггүй. Нэг хэсгийг нь хаяж, эсвэл элдэв үгээр доромжилж байдгийн тод жишээ нь энэ. Эцэг эх нь Нийгмийн даатгалд 24-26 хувиа төлөөд байхад үр хүүхэд нь үр шимийг нь хүртэж чаддаггүй харамсалтай байдал үргэлжилсээр л байна.

 

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.182) 2022 оны 10 сарын 13

bodlogo gej yu ch medehgui maluud bhiimdaa. yadaj 0-10 unegui 10-18 5k ch yum uu 10k tegeed nasand huregch geech. mgl uls huuhdiin eh oron yamar olon usvur nasnii huuhedtei bilee dee. 2007 onii altan gaigai jiliin huuhduud l gehed heduulee bilee dee.

0  |  0
Иргэн(64.119.20.56) 2022 оны 10 сарын 13

Бүх шатанд ажлын хариуцлага иймэрхүү байгаа шүү дээ.Шүүмжлээд ад болсоор

0  |  0
М(192.82.73.69) 2022 оны 10 сарын 13

Яг.

0  |  0
Truth(202.9.41.155) 2022 оны 10 сарын 13

Үнэн

0  |  0
Top