Супер азтан 51-ээс дээш баримт уншуулсан бол 40 саяын урамшуулал авна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын сугалааг дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс түр зогсоогоод байсныг энэ сараас шинэчилсэн хувилбараар явуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ энэ оны есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааг явуулахыг Татварын албаныхан мэдэгдсэн билээ.

Тэгвэл лхагва гаригт И-баримтын сугалаа улс орон даяар Боловсрол телевиз болон и-баримт апплейкшнээр шууд дамжууллаа. Ийнхүү зургаан сар орчмын хугацаанд түр зогсоод байсан и-баримтын сугалааны урамшуулал дахин шинэчлэгдэж, азтанаа тодруулж эхэлж буй тул энэ талаар албаны хүн болон иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

 

ЗӨВХӨН УНШУУЛСАН НӨАТ-ЫН БАРИМТАД СУГАЛАА ЯВАГДАНА

 

Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын хоёр хувийг одоохондоо нэмэх боломжгүй. Буцаан олголтыг ойрын жилүүдэд хоёр хувьд тогтвортой барих бодлоготой байна. Төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байлгах хэрэгтэй" гэснээр НӨАТ-ын сугалааны урамшууллыг зогсоосон билээ.

Үүнээс хойш зургаан сарын дараа НӨАТ-ын сугалааны тохирлын системийг сонирхолтой, ил тод болгож, илүү сайжруулсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм. Тэрбээр "Өмнө нь уншуулсан, уншуулаагүй хамаарахгүй НӨАТ-ын бүх сериалуудад сугалаа явагддаг байсан. Одоо зөвхөн уншуулсан НӨАТ-ын баримтад сугалаа явагдана. Иргэд өөрийн уншуулсан баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг апплейкшнаар харах боломжтой. НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоосноос хойш иргэдийн баримт уншуулах идэвх 50 хувиар буурсан. Энэ нь төсвийн НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлж, далд эдийн засгийг эргэн сэргээх эрсдэлтэй” хэмээн хэлсэн юм.

Тиймээс НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээж, илүү ил тод, хүртээмжтэй болгосноо хэлсэн. Хэдий сугалааг зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн хоёр хувийг буцаан олгох систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан байна.

Сугалааг зогсоохоос өмнө нь хэвлэгдсэн баримтыг уншуулж баталгаажуулах дундаж хувь 64 хувь байсан бол дөрөвдүгээр сараас хойш 50 хувь хүртэл буурчээ. Мөн НӨАТ-ын нийт хэвлэгдсэн баримтад дунджаар 42 хувийг эзэлдэг 10 мянган төгрөг хүртэлх үнийн дүнтэй баримтын баталгаажуулалт 61 хувь байснаас 32 хувь болж бараг хоёр дахин буурсан байна. Тус судалгааны үр дүнд суурилан НӨАТ-ын сугалааг сэргээхээр болжээ.

 

30 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН СҮХБААТАР ДҮҮРГЭЭС ТОДОРЛОО

 

Ийнхүү өчигдөр олон нийтэд ил тод байх үүднээс Улсын их дэлгүүрийн хоёр давхарт и-баримтын азтан тодруулах сугалааг зохион байгууллаа. Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүнд Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Хяналт тавих бүрэлдэхүүн нь сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, ил тод, шударга явагдаж байгаа эсэх, хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх, сугалааны машины хэвийн үйл ажиллагаатай байгаа эсэхэд хяналтыг хийх аж. Энэ оны есдүгээр сард нийт 36.738.824 баримт бүртгэгдсэнээс 36499 баримт сугалааны тохиролд таарсан байна.

Тодруулбал, гурван орон таарсан 32869, дөрвөн орон таарсан 3267, таван орон таарсан 320, зургаан орон таарсан 40, долоон орон таарсан хоёр, найман орон таарсан нэг супер азтан тодорлоо.

Өмнө нь найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно. Иймд найм дахь орон дээр гурван баримтын дугаар бүртгэгдсэн байгаа тул идэвхгүй байгаа цифрүүдийг шилэн хоргонд хийгээгүй юм.

Харин идэвхтэй баримтын цифр буюу и-баримтад бүртгэгдсэн гурав, зургаа, долоо цифрүүдийг шилэн хоргонд хийснээр PW77346548 дугаартай баримтын эзэн 30 сая төгрөгийн супер азтан боллоо. Тус азтан нь Сүхбаатар дүүргээс тодорсон юм.

НӨАТ-ын сугалааны шинэчлэлийг танилцуулъя. И-баримт аппликейшнээр суга­лааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна. 51-ээс дээш баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь, гурван баримт бүртгүүлсэн байгаад гурван орон таарвал 30 мянган төгрөгийн урамшуулал авах бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 60 мянган төгрөгийн урамшуулал авах юм.

Мөн тухайн хүний амьдарч буй нийслэл, орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь, өчигдөр 30 сая төгрөгийн супер азтан болсон иргэн Сүхбаатар дүүргээс тодорсон юм.

2021 оны есдүгээр сард хэвлэгдсэн төлбөрийн баримтыг энэ оны есдүгээр сард хэвлэгдсэн төлбөрийн баримттай харьцуулсан өсөлтийн хувь Сүхбаатар дүүрэгт 34 хувь байна. 30.000.000*34/100=10.200.000+30.000.000=40.200.000 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орно.

Гэхдээ тухайн азтан 1-10 баримт бүртгүүлсэн байвал таван сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлсэн байвал 10 сая төгрөг, 50-аас дээш баримт бүртгүүлсэн байвал 30 сая төгрөг авах юм. НӨАТ-ын сугалааны тохирлыг үзэхээр Улсын их дэлгүүрийг зорьж ирсэн иргэд цөөнгүй байлаа. Тэрбээр “Хүүхдүүд ажилтай байдаг тул надад шалгаж өгөх хүн байдаггүй. Тиймээс энд ирье гэж бодсон юм. Би өмнө нь 500 мянган төгрөгийн азтан болж байсан. Сугалаа явуулж эхэлсэнд баяртай байна” гээд жижиг цаасан дээр сугалаанд гарч ирсэн баримтын тоог бичүүлэн энгэртээ хийв. Тэнд Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын ажилтан иргэдэд мэдээлэл өгч байлаа.

 

Д.МӨНХТУУЛ: БАРИМТЫГ ЦААСААР ХАДГАЛАХ ШААРДЛАГАГҮЙ

 

Сугалааны тохирол явуулах шинэчлэгдсэн журамтай холбоотой мэдээллийг Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн тохирлын үйл ажиллагаа шинэчлэн баталсан журмын хүрээнд  зохион байгуулагдаж байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилгоор сугалааны тохиролд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж эхэлсэн. Тухайлбал, төлбөрийн баримтаа тухай бүр авч, бүртгүүлдэг иргэдийг дэмжих орон нутагт бизнес эрхлэгчдийн татварын хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлж, төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдэл олгоно.

Зохион байгуулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод шууд дамжуулна. И-баримт аппликейшнээр дамжуулж иргэдэд сугалааны тохирлыг шууд хүргэх бүрэн боломжтой болсон. Мөн и-баримт аппликейшнд бүртгэгдсэн баримтыг сугалааны тохиролд оруулна. Азтан болсон тохиолдолд цахимаар баталгаажуулж, баримтыг цаасаар хадгалах шаард­лагагүй болж хүсэлт гаргаснаас хойш ажлын 15 хоногт сугалааны урамшуулал иргэдийн дансанд орно” гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тэгш шударга мөрдүүлж, далд эдийн засгийг бууруулахад иргэн таны оролцоо чухал бөгөөд худалдан авалт бүрдээ төлбөрийн баримтаа шаардан авч, и-баримтын системдээ бүртгүүлэн, урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас уриалж байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жавхаа(64.119.16.60) 2022 оны 10 сарын 14

Шал худлаа…

0  |  0
Top