“Гэртээ туршъя” ТББ-аас сурагчдын дунд "Science Fair 2022" шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлалаа.
Тус байгууллага нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, ХИМИ, ФИЗИК, БИОЛОГИЙН хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "ГЭРТЭЭ ТУРШЪЯ" төслийг хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд сурагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай "Science Fair 2022" шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлалаа. Тус уралдаанд Улаанбаатар болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой юм.
Бүтээл нь Физик, хими, биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.
Бүтээлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно. Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно.
Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд сурагч нь дараах шаардлагыг хангасан байх шаардалагатай:
-Ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангид суралцдаг, 10-15 настай байх
-Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй
-Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиараа баг бүрдүүлж оролцож болно.
-Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой
-Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно
Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.
Багаар оролцох тохиолдолд:
-Баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байна. Ангиараа оролцож болно.
-Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиас оролцох.
-Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.
Сэтгэгдэл ( 0 )