Томуу, томуу төст өвчлөл өмнөх 7 хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймаг улирлын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87,6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Харин амьсгалын замын цочмог халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх насныхан байна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хийж байгаа юм.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
-65-аас дээш насны
-Архаг хууч өвчтэй хүн ам
-Эрүүл мэндийн ажилтан
-1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа.
Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.
Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Харин томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.
Сэтгэгдэл ( 0 )