Эко дүүргийн “Нээлттэй бямба гараг”  нисэхийн бүсэд үргэлжиллээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Хан-Уул дүүргийн удирдлагууд иргэдийн тав тухыг хангасан  “Эко дүүрэг” болно гэсэн зорилтыг 2017 оноос дэвшүүлж байв. Тийм болно гэсэн итгэл тухайн үед иргэдийн заримд төрөөгүй ч байж магадгүй. Тэгвэл сүүлийн жилүүдэд тус дүүрэг нүдэн дээр өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт орон сууцны хорооллуудын гадна  хогоо ангилан ялгах өнгөөр ялгасан савнууд байршуулах, ногоон байгууламжтай болох зэрэг энийн жижигхэн  атал иргэдийн ухамсарт хандсан том дэвшлүүдийг бий болгосон.

Өдгөө албан байгууллага, сургууль, цэцэрлэгээс өгсүүлээд хувийн хэвшил, хүнсний дэлгүүрүүд эдгээр стандартыг нэвтрүүлж, нийслэлийн хэмжээнд жишиг болсон. Улмаар явган хүний замыг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг, эко зурвас, цэвэр агаарт алхаж буй иргэдийн түр амарч суух сүүдрэвч, унадаг дугуйн зогсоолтой болох гэхчлэн энэ ажил нь  шат дараатай ахисаар ирсэн.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт Богд уул, Зайсангийн ам харьяалагддаг. Урагшаа харахад ой модод харагддагаас ч тэр үү, дүүргийн үе үеийн удирдлагууд ч, хотын цэцэрлэгжүүлэлтийн асуудалд ч ногоон байгууламж бий болгоход төдийлөн анхаарч байгаагүй. 2017 оноос ногоон зурвас байгуулах, тэр бүү хэл уулын нэг амыг бүхэлд нь ойжуулах ажлыг Засаг дарга Ж.Алдаржавхлан санаачилж байв.

2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  Хан-Уул дүүрэг 4000 мод тарьж ургуулах зорилт дэвшүүлж, өнөөдрийн байдлаар 3900 гаруй мод тарьжээ. Үүний 900 гаруй нь жимсний мод юм байна. Түүнчлэн өөрсдийн хүчээр дүүргээ зүлэгжүүлэх, цэцгийн мандлаар гоёх, иргэдийнхээ тав тухыг нэмэгдүүлэхэд санаачилсан ажил олон. Цэцэрлэгийн багачууд хүртэл тоглоомын талбай, ойр орчим нь өнгийн цэцгээр дүүрэн байгааг хараад баярлан баясдаг болсон гэхээр “Эко дүүрэг”-ийн дэвшүүлсэн зорилт, хийсэн ажлууд бүх насныханд хүртээмжтэй, өгөөжтэй болж байгаад иргэд, оршин суугчид нь талархалтай хандах болжээ.

Энэ бүхнийг дурдахын учир нь ийм энгийн жижиг зүйлүүдийг дүүргийнхээ нутаг дэвсгэрт төдийгүй иргэдийнхээ ухамсарт “нутагшуулах”-аас эхэлсэн  “Эко дүүрэг”-ийн өөрчлөлт өдгөө томоохон бүтээн байгуулалтуудаар үргэлжилж буйг дуулгахыг зорилоо. Сүүлийн үед  тус дүүргээс “Нээлттэй бямба гараг”  мэдээллийн цагаар ажлаа танилцуулдаг  болсон. ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох албаныхан мэдээлэл өгдөг учраас оршин суугчид, иргэд, хэвлэл мэдээллийнхэн ирээд  цогц  мэдээлэл авах энгийн бөгөөд үр дүнтэй, цаг зав хэмнэсэн, үр дүнтэй уулзалт болдог юм байна. Өнгөрсөн бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Нисэхийн 9, 10, 16, 21 дүгээр хороодод дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж буй  бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

 

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.АМАРТҮВШИН: ОРОН СУУЦ БАРИХ БАРИЛГЫН ЭРХИЙГ ЦУЦЛУУЛЖ, 200 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

 

Хотын төвлөрөлтэй холбоотой Хан-Уул дүүргийн хүн амын тоо өссөөр ирсэн. Энэ хэрээр худалдааны төв, дэлгүүр, албан байгууллага, аж ахуй нэгжийн оффис, орон сууцны хорооллууд нэмэгдсэн хэрнээ сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй асуудал үүсэх болсон. Мөн Нисэх, Яармагийн чиглэл  нийслэлийн замын түгжрэлийн нэг гол цэг болоод удаж байгаа юм. Тус дүүргийн нэг хороо гэхэд л бараг 20 орчим  мянган хүн амтай гэхээр тэнд олон асуудал овоорч байдаг нь ойлгомжтой. Тухайлбал, 16 дугаар хороо 18 мянган хүн амтай, 4485 өрхтэй. Иймд тус хороог хоёр хувааж, шинээр 25 дугаар хороог байгуулжээ. 16 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд  тохижилт, бүтээн байгуулалтын цөөнгүй ажлыг хийсэн байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Нисэхийн бүс буюу 9, 10, 16, 21 дүгээр хороонд  2021-2022 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд 3.3 км хатуу хучилтай автозам тавьсныг газар дээр нь очиж танилцав. Энд 10 дугаар хорооны   Наадамчдын замаас “Агепа” эмнэлгийн баруун талын гэр хороолол дундуур Буянт-Ухаа цогцолбор сургууль хүртэл нэг км авто зам тавьжээ. Мөн 16 дугаар хорооны  Сонсголонгийн гудамжнаас “Тайнь”-ийн долдугаар гудамж дагуу Наадамчдын зам хүртэл 1.4 км авто зам,  21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Иргэний нисэхийн ерөнхий газраас Буянт-Ухаа II хороолол хүртэл есөн  км автозамыг тус тус тавьжээ. Нийт 900 орчим гэрэлтүүлэг, 100 ширхэг камержуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан байна.

ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшингээс энэ талаар  тодруулахад “Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа I хорооллын зүүн талын 1800 ам.дөрвөлжин газрыг нэр бүхий компани үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эзэмшиж ирсэн. Газраа олон жил ашиглаагүй, барилгын нүх ухаад орхичихсон байсан. Ойр орчмын айлуудын бага насны хүүхдүүд  нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл байдал үүсээд олон жил болсон. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд  авч хэлэлцээд, дүүргийн Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг барихаар болж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Үүнээс гадна иргэд, оршин суугчдын санал хүсэлтийн дагуу цэцэрлэг, сургуулийн хүртээмж муутай байршлуудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 16 дугаар хорооноос гадна дөрөв болон 15 дугаар хороонд  хуулийн хүрээнд газраа ашиглаагүй, иргэдийн эрх ашгийг зөрчин олгогдсон газрын эрхийг хүчингүй болгож, нийт гурван  байршилд  цэцэрлэг барьж  байна. Удахгүй дөрөвдүгээр хороонд 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно. 2023 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хороонд Спорт заал бүхий иргэдийн хөгжлийн төв, нийслэлд жишиг болох “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн цогцолбор, иргэдэд үйлчлэх байр, 640 хүүхдийн сургууль, 240 ортой цэцэрлэг тус тус ашиглалтад оруулахаар  төлөвлөгөөнд орсон” гэв. Ирэх онд ашиглалтад орох 200 ортой цэцэрлэгийг барьж буй “Гранд марз” компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхдөлөөс гүйцэтгэл хэдэн хувьтай явж буйг асуухад “Өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай үргэлжилж байна. Цаг агаар дулаан байгаа дээр гадна ажлыг дуусгахыг зорьж байна. Хугацаанд нь ашиглалтад оруулах зорилт тавьсан” гэв.  

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Ж.Хишигбаяр тохижилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгааг онцлоод “Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай хорооны долдугаар сургуулийн гадна талбайд эко ногоон байгууламж бүхий хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд тоглож наадах боломжтой тохижилтын ажил явагдаж байна. Модон тавцан, саравч, сандал, сүүдрэвч, торон тавцан, авиралтын хана, явган зам талбай, эко тоглоом, тоосгон дугуй хана болон усан оргилууртай эко орчинг бүрдүүлсэн цогц тохижилт хийнэ.

Мөн 25 дугаар гудамжинд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайг ашиглалтад оруулна. Үүнээс гадна дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар долоо болон, 89 дүгээр сургуулийн шугам сүлжээ, Усан спорт сургалтын төвийн дээвэр, фасадын засварыг хийж дуусгасан. Дүүргийн хэмжээнд “Эко гудамж” төсөл хэрэгжиж 16-р хорооны  Буянт-Ухаа I гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж байна. Хорооны харанхуй гудамж, талбайд гэрэлтүүлэг суурилуулж, камержуулах ажил үе шаттай үргэлжилж байна” гэв.

 

ГЭР ХОРООЛЛЫН ЗАМЫГ САЙЖРУУЛЖ, ОРОН СУУЦНЫ ДУЛААН АЛДАЛТЫГ БУУРУУЛЖЭЭ 

 

Хотын захын гэр хорооллын зам овон товонтой, тоосжилт их, зуны улиралд шавар шавхай үүсдэг гээд асуудал дагуулдаг.  Тэгвэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гэр хорооллын шороон замыг засаж, сайжруулж байгаад иргэд сэтгэл өндөр байна. Энэ ажлыг тус дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ хамтран хийж байна. Тус хороо нь 10.500 хүн амтай, 2476 өрхтэй. Байшин, гэр хороолол хосолсноороо онцлог. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн.”Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус  хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ” хэмээн ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Б.Алтантуяа хэлэв. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус  хорооны нийтийн эзэмшлийн дөрвөн  байрны гадна фасад, дээврийн засварлажээ. ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригтоос тодруулахад “10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн орон сууцнууд баригдаад олон жил болсон. Дулаан алдагдал ихтэй. Иймд дулаалга, дээвэр засварын ажлыг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, 10 дугаар хорооны 2-61/1,61/2  тоот байрууд  өвлийн улиралд хүйтэн, зуны улиралд дээврээс ус гоожих зэрэг хүндрэлтэй байсан. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  засварласнаар  оршин суугчид өвлийг өнтэй давах нөхцөл бүрдсэн” гэв.

Цаашид нийтийн зориулалттай, дээвэр  нь хуучирч муудсаны улмаас борооны ус ихээр нэвтэрч, иргэд амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байрнуудын дээврийг засах, шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэх аж.

АВТОБУСНЫ ЖИШИГ ЗОГСООЛ

 

Эко дүүргийн “Нээлттэй бямба гараг”-ийн үеэр ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг нар “Автобусны жишиг зогсоолтой танилц” гэснээр очсон юм. Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засаж, тохижуулсан нь нийслэлд жишиг болох шинэ санаачилга болжээ. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тус хорооны автобусны зогсоолын талбайг шинээр байгуулсан. Мөн гадна талд автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай, зогсоолын саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг болон хогийн сав байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгосон. Хатуу хучилттай автозам, явган хүний зам, гэрэлтүүлэг болон эко хавтангаар тохижуулсан тус талбайн тохижилтыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Цаашид дүүргийн зүгээс автобусны зогсоолыг жишиг болгон тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.ГАН-ЭРДЭНЭ: ГЭР ХОРООЛЛЫН 50 БАЙРШЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙН ШОРООН ЗАМЫГ ТЭГШИЛЖ, САЙЖРУУЛЛАА

 

ИТХ-ын төлөөлөгч, Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-ын захирал  Ц.Ган-Эрдэнэ “ Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 5, 6, 7, 8, 9, 10, 13, 14, 16 дугаар хорооны гудамж, зам талбайд автомашин болон явган хүн зорчих боломжгүй нөхцөл үүссэн бартаа ихтэй 50 байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулах ажил үргэлжилж байна.

Цаашид Нисэх, Яармаг чиглэлийн гэр хорооллын гудамж, зам талбайг сайжруулах, тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд гэр хорооллын иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Есдүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал “Манай хороо 8512 хүн амтай, 2241 өрхтэй. Гэр хороолол ихэнх хэсгийг эзэлдэг. Оршин суугчдад хамгийн их тулгамддаг асуудал нь  гэрэлтүүлэг, камержуулалтын талаар ханддаг. Энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай хороонд нийт 835 гэрэлтүүлэг, 46 камержуулалт суурилуулсан. Мөн гэр хорооллын айл өрхүүддээ зориулан шинээр худаг барьж байна. Ирэх жил  0.8 км авто зам дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр  бэлтгэл ажлыг хангасан” гэлээ.

ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА

Нисэх, Яармагийн чиглэлд зорчиж буй иргэд “Замын түгжрэлд бараг л хонож байна” хэмээн бухимддаг. Тэгвэл эко дүүргээс иргэдийн тав тухыг хангах ажлыг хотын төвлөрөл, автозамын түгжрэлийг шийдэх ажилтай хослуулан хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-II хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220 м хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулжээ. Явган хүний зам, 50 гаруй авто машины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэжээ. Иргэний нисэхийн Ерөнхий газраас Буянт-Ухаа-II хороолол хүртэлх 800 м урт автозам ашиглалтад орсноор иргэдэд ээлтэй таатай орчин бүрдлээ хэмээн ойр орчмын оршин суугчид талархаж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оршин суугчдын санал хүсэлтэд үндэслэн тус хорооны “Жаргалан эко хотхон”-ы дунд сагсны талбай, тоглоомын талбайг ашиглалтад оруулсан. Гэрэлтүүлэг, камержуулалтыг стандартын дагуу суурилуулсан. Цаашид тус хороонд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2160 хүүхдийн суудалтай хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдсаныг ИТХ-ын төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгаль энэ үеэр онцлов.

С.ЭНХБАЯР: НИСЭХ, ЯАРМАГ БОЛОН  АЛСЫН БҮСИЙН 150 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА

“Нээлттэй бямба гараг” мэдээллийн төгсгөлд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр “Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэн түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлаас авах боломжтой болсон. Улсын бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цэгийг “МИАТ” компанитай хамтран тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон  цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой. Өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө  “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн  байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/-р хороодод нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машин байршуулжээ. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтойгоороо онцлог юм. Цаашид дүүргийнхээ 25 хороонд КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьжээ. 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СААДГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд Иргэдэд үйлчлэх төв байрны нэг давхрын “Нэг цонх”-ны үйлчилгээг жишиг болгон тохижуулжээ. Хамгийн гол нь хөжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг  хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ ажлын үргэлжлэл болгож дүүргийнхээ бүх хорооны  иргэдийн үйлчилгээ авдаг “Нэг цэг”-ийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч саадгүй үйлчилгээ авах боломжтой болгож тохижуулжээ. Энэ ташрамд иргэдэд дуулгахад ГЭРЭГЭ буюу КИОСК  машинаас дөрвөн чиглэлээр төлбөр төлж, баримт гарган авах боломжтой. Тухайлбал, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг УЛСЫН БҮРТГЭЛ, АЖ АХУЙН НЭГЖ, ЭД ХӨРӨНГӨ-ийн бүртгэлийн үйлчилгээг заавал дүүрэг рүү очилгүйгээр хорооныхоо байрнаас авах боломжтой юм. Мөн машины торгууль, тэмдэгтийн хураамж зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээг богино хугацаанд, чирэгдэлгүйгээр авах боломжтой болжээ. Хамгийн гол нь “Буянт-Ухаа”  Олон улсын нисэх онгоцны буудалд шинээр байгуулсан “НЭГ ЦОНХ”-ны үйлчилгээний төвөөр харьяа дүүрэг харгалзахгүйгээр бүх иргэд үйлчилгээ авах болсон нь төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг шийдэхэд хувь нэмрээ оруулсан дорвитой ажлын нэг болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top