Улсын дугаарын дуудлага худалдаанаас 7 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

2022 оны 10 сарын 25

Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/287 тоот тушаалын хүрээнд “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дуудлага худалдаагаар зохион байгуулах” удирдамжаар улсын дугаарын дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.

Улаанбаатар хотын харьяалалтай УАО, УАР, УАС, УАУ, УАТ, УАХ, УЕА, УЕВ, УЕЕ серийн нийт 3400 дугаарыг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд давхардсан тоогоор 37,919 иргэн бүртгүүлж оролцсон гэсэн тоон мэдээлэл бий.

Улсын дугаарын ялагч болсон иргэд нь зохих журмын дагуу төлбөрөө бүрэн төлснөөр тухайн дугаарыг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл дээр байршуулах бөгөөд дуудлага худалдааны орлого нь Засгийн газрын тогтоолын дагуу Хүүхдийн төлөө санд хуримтлагддаг байна. 2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар улсын дугаарын дуудлага худалдаанаас нийт 7 орчим тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ.

Мөн орон нутгийн харъяалалтай сонирхол татахуйц улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж байгаа ба АААА, 000А, 0ААА, 00А0, ААВВ дугаарлалт бүхий дугааруудыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах журамтай. Одоогоор УЕЕ серийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа ба 2022 оны 11 дүгээр сарын 16-наас УЕК серийн дуудлага худалдаагаар үргэлжлэн явагдана.

Дуудлага худалдааны журамд өөрчлөлт оруулж, дэнчингийн хэмжээг нэмэгдүүлсэн нь тухайн дугаарын үнийн хөөсрөлийг багасгаж, дуудлага худалдааны үйл явцыг бодитой болгосон давуу талтай гэж дуудлага худалдаанд оролцогчдын зүгээс үзэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top