Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОИКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл уг төслийг 2022-2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, дөрөв дүгээр сарын 11-ээс хэрэгжиж эхэлсэн билээ.
Сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах" төсөл нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаныхан оролцлоо.
Төслийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлж эхэлжээ.
Ингэснээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )