ГССҮТ-өөс нийт ажилтнууддаа 14 хүртэлх сая төгрөгийн урамшууллыг олголоо

2022 оны 10 сарын 27

Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын ажилтны цалингийн тааз буюу дээд хязгаарыг байхгүй болгох, суурь цалинг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг эмнэлгүүд өнгөрсөн оноос эхлэн гаргасан билээ.

Тэгвэл энэ хүрээнд  ГССҮТ нь нийт ажилчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, эмч, мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг олгохоор болжээ. Тодруулбал, ГССҮТ-ийн удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI  буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм. Цаашид бусад эмнэлгүүд ч мөн адил ажилтнууддаа бүтээмжид суурилсан урамшууллыг олгохоор ажиллаж байна.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийгдсэн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн өөрчлөлтийн үр дүнд эмнэлгүүд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин, урамшууллыг нь ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгох боломж бий болж, үндсэн цалин, урамшууллынхаа хувь хэмжээг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд  дор бүрнээ ахиц гарган ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top