Орон сууцны иргэд эмнэлгийн зогсоолыг ашигладаг учраас ТӨЛБӨРТЭЙ болгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд автомашины зогсоолын төлбөр авч байгаа талаар гомдол 11-11 төвд олон ирдэг байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын зургаа нь зогсоолдоо төлбөр авдаггүй. Харин НИТХ-ын тогтоолын дагуу гаднах зогсоолоос нь төлбөр авдаг зургаан байгууллага байгаа аж.

 

Гэвч цаашид эмнэлгийн зогсоолд машинаа тавихад төлбөр авахаас аргагүй нөхцөл байдал үүсжээ.

Учир нь, ойролцоо амьдардаг иргэд хяналт, камержуулалт сайтай хэмээн автомашинаа эмнэлгийн зогсоолд байршуулж, улмаар эмнэлгээр үйлчлүүлэх иргэд машинаа тавих зогсоолгүй болдог аж.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг "Эмнэлгийн зогсоол Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал биш. Гэхдээ бид иргэдээс ирсэн гомдлыг тухай бүрт нь анхаарч, Нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан тавьж байгаа.

Зарим эмнэлгийн зогсоолоос төлбөр авах шаардлагатай  болсон. Учир нь эмнэлгийн ойролцоох орон сууцны хорооллын иргэд хяналт, камержуулалттай газар автомашинаа тавьж хонуулах, байршуулах сонирхолтой байна. Тэгэхээр яг эмнэлгээр үйлчлүүлэх гэж байгаа иргэдийн зогсоолыг эзэлчихдэг. Тиймээс иргэд зогсоолтой холбоотой гомдлыг ихэвчлэн эмнэлгийн удирдлагуудад тавьж байна.

Энэ асуудлыг шийдэхийн тулд олон талыг харах ёстой учраас бид хүсэлтүүдээ холбогдох байгууллагуудад өгөөд явж байгаа.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын зүгээс яг эмнэлэгт үйлчлүүлсэн иргэд эмнэлгийн зогсоолынх нь төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үйлчлүүлээгүй буюу эргэлтээр ирсэн эсвэл зэргэлдээх орон сууцны иргэд зогсоолд нь автомашинаа байрлуулсан бол төлбөр авах нь зүйтэй" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top