С.Билгүүнцоож: Түүхий өвчний үед усаар угаахаас зайлсхийх хэрэгтэй

2022 оны 11 сарын 02

Хүн ам дунд халуун ихээхэн тохиолддог түүхий өвчний талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн II тасгийн их эмч АУ-ны магистр С.Билгүүнцоожтой ярилцлаа.


 -“Арьсны өвчин судлалын үндэсний төв" нь арьсны хэчнээн төрлийн өвчнийг эмчилж байна вэ?

-Арьс судлал дотроо 3000 төрлийн өвчин байдаг. Зөвхөн арьс гэхгүй, арьсны дайвар эрхтэн болох үс, хумс, салстууд давхар ордог. Бид эдгээрийн хамааралтай бүх өвчнийг үзэж, эмчилдэг. Хүүхдүүдийн дунд идээт халдвар маш их тохиолддог. Тэр дундаа түүхий өвчин нь зонхилон 2-5 насныханд олон давтамжтай ажиглагддаг халдварт өвчин юм.

-Энэ нь ямар онцлог шинжтэй өвчин бэ. Халдварладаг уу?

-Түүхий нь идээлүүлэгч коккоор үүсгэгддэг арьсны өнгөн давхаргыг хамардаг, халдварладаг өвчин. Халдвар нь ихэвчлэн дулаан, чийглэг орчинд өргөн тохиолддог бөгөөд ойр дотны хүмүүсийн дунд өргөн тархдаг. Энэ нь үсний хүүдийтэй холбоогүй, фликтен хэмээх хавтгай, улбагар идээт цэврүүнцэр туурдаг өвчин.

-Түүхий юунаас болж үүсдэг талаар мэдээлэл өгнө үү?

-Арьсны бохирдол, бичил гэмтэл, их ядрах, витамины дутагдал, хоол боловсруулах замын өвчлөл, халуун, чийглэг орчин, халдвартай хүнтэй ойр байх гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

-Түүхий өвчний үед анхан шатны ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд уламжлалт ямар нэгэн арга хэмжээ авах хэрэггүй. Аль болох усаар угаахаас зайлсхийх хэрэгтэй ба мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ, зөвөлгөө авах хэрэгтэй.

-Ямар эмчилгээ хийдэг вэ? Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эмчилгээний тухайд гэвэл тухайн идээт тууралтаар дээж авч шинжилдэг ба үүнээс шалтгаалаад ямар төрлийн антибиотик өгөхийг шийддэг. Мөн хэсэг газрын эмчилгээ хийдэг. Ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. Халдвартай хүний хэрэглэсэн эд зүйлсийг ариутгах, бусдад халдвар тархахаас сэргийлэх хэрэгтэй. Ойр дотны хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах. Мөн дархлаа дэмжих, ядрахгүй байх хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top