Түлэнхийн төвийн барилга 11 ЖИЛИЙН ДАРАА ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

"Газрыг нь зарсан", "Тендерт ялсан компани нь алга болсон", "Төсөв байхгүй" гэх мэт олон асуудал дагуулсаар 11 жил царцсан Түлэнхийн төвийн барилга эцэстээ ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэх нь. 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 01-нээс 11 дүгээр хороололд байрлах хуучин байр руу нь нүүлгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлэх аж. 

Эргэн сануулахад, 2011 онд тус барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удаа дараа шалгалт оруулж, "Цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн" гэх дүгнэлт гаргаж байв. Улмаар тус төвийг 2012 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс  Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нэг давхрын Гавал тархины тасаг руу шилжүүлсэн билээ.

Үүнээс хойш Түлэнхийн төвийн шинэ барилга барих ажлыг 2013 онд Кувейтийн Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл элдэв асуудал болж гацсаар, ийн 11 жилийн ашиглалтад орлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top