Жавар тачигнасан хүйтний улирал хаяанд ирлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн галлагаа, түлш, түлээний асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Ийн нийслэлчүүд өвөлд хэрхэн бэлдэж буй цаашлаад сайжруулсан түлшний эрэлт, хэрэгцээ, чанар хүртээмж ямар байгаа талаар сурвалжилсан нь энэ. Уулын оройд байрладаг айл өрх сайжруулсан түлштэйгээ залгахад хүндрэлтэй. Хамгийн наад зах нь гэхэд түлшээ шуудай шуудайгаар тэргэнд ачаад дээш түрж явах нь халтирч унахаас эхлээд асуудалтай хэмээн өндөр настан Даваа учирлав. Түүний хувьд долоо хоногт зургаан шуудай түлшийг хоёр хувааж авдаг бөгөөд ингэхдээ тэргэнд гурав, гурван шуудайгаар нь ачиж уул өөд өгсдөг байх нь. Нас өндөр хүний хувьд энэ замыг туулна гэдэг амаргүй байх бөгөөд урьд нь унаж бэртэж байсан удаатай гэнэ. Даваа гуайтай адил олон хүн бий. Тэрбээр гэртэй нь ойр сайжруулсан нь түлшний цэг байхгүй тул 400 метр газрын цаанаас түлшээ зөөдөг.
Энэ мэт гэр хорооллын иргэдийн дунд сайжруулсан түлштэй холбоотой асуудал мэр сэр гардаг нь тодорхой. Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилж жавар тачигнасан өвлийн улиралтай нийслэлчүүд золгоно. Нийслэлд хамгийн олон хүн амтай гэгдэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Баянхошууны эцэс дээр байрлах Сайжруулсан түлшний цэгээр орлоо. Худалдаачид хоёр тийш холхиж буу халан зогсох бөгөөд түлш авахаар ирсэн иргэдэд шуурхай үйлчилж харагдав. Сайжруулсан түлш борлуулалтын цэгүүд хүний хөлөөр тасарсангүй. Борлуулагчаас түлшний эрэлт ямар байгаа талаар тодруулахад “Өдөрт таван тонн түлш ирээд дуусдаг. Түлш эрэлттэй байгаа.
Хиймэл хомсдол үүсэх, шаглуулахгүйн тулд иргэдэд карт тараасан. Хэн хэчнээн тонн сайжруулсан түлш худалдан авсныг картаар нь хянах боломжтой. Гэвч иргэд картын хэрэглээгээр хараахан жигдрээгүй байна. Өдөрт 3-4 хүн бэлэн мөнгөөр нэгээс хоёр шуудай түлш авдаг. Нэг өрхөд картаар долоо хоногт зургаан шуудай түлш олгоно. Баянхошууны эцэст 4-5 цэг байрладаг. Түлшний үнэ 3750 төгрөг хэвээр байгаа нэмэгдэхгүй байх” хэмээн борлуулагч Ц.Намдагмаа ярилаа. Иргэд ихэвчлэн зам дагуу таарах сайжруулсан түлшний цэгээр үйлчүүлж байгаа харагдлаа. Цэгийн ойр орчмын зай талбай давчуу тул иргэд дараалал үүсэх нөхцөл бүрдэж байна. Ийн сайжруулсан түлшний цэгээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзсан юм.
С.Байгаль: Үнс нь нэг шуудай нүүрснээс их гардаг
Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Байгаль ”Ид хүйтэн өдөр хоёр шуудай түлш түлдэг. Сайжруулсан түлш илч сайтай. Мөн дулаанаа удаан хадгалдаг шөнө 10 цагт хийсэн нэг хувин түлш өглөө бүрэн шатаж дууссан байдаг. Шөнө хийсэн нүүрс өглөө зургаан цагт босоход илчтэй байж л байдаг. Харин сайжруулсан түлшний үнс болон шуудайг авна гэдгийг нэг жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч хэрэгжсэн зүйл алга. Ямар зохицуулалтаар авах талаар бид мэдээлэлгүй байгаа юм. Сайжруулсан түлшний үнс муухай үнэртэй нунтаг бужигнасан байдаг юм билээ. Үнс нь нэг шуудай нүүрснээс их гардаг” гэв. Бид цааш явсаар дараагийн цэгт очиход Борлуулагч Р.Нямаа ”Тортог ихтэй учир зөөж тээвэрлэхэд хаа хаанаа хүндрэлтэй. Иргэдийн худалдан авалт сайн байгаа. Түлш хог ихтэй байна гэж хүмүүс хэлдэг” хэмээн ярилаа. Мөн тус цэгээр үйлчлүүлсэн иргэд дараах зүйлийг тодотгон хэллээ.
Х.Дэлгэрцогт: Долоо хоногт зургаан шуудай түлш галлагаанд хүрдэггүй
”Сайжруулсан түлш энэ жил илч нь муудсан. Дулаанаа таван цаг барьж байна. Өмнөх жилүүдэд ийм асуудал гарч байгаагүй. Түүхий нүүрсийг цогон дээр хийхэд асчихдаг илчтэй байдаг байсан. Гэтэл сайжруулсан түлшийг заавал модоор асааж байгаа нь эдийн засгийн хувьд алдагдалтай. Өдөр бүр мод авдаг гэсэн үг. Мөн тортог ихтэй. Шуудайнд хүрмэгц хамаг зүйл хар болно.Налайхын нүүрс ч ийм тортогтой байгаагүй. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш утаа буурсан нь мэдэгдэж байгаа. Долоо хоногт зургаан шуудай түлш галлагаанд хүрдэггүй. Дуусчихвал картын эрх нээгдэхээс наана авах боломжгүй. Иймд танил хамаатныхаа картаар сайжруулсан түлш авах эсвэл нөөцтэй айлаас түр авч аргалдаг” хэмээв.
Н.Мөнхөө: Машингүй хүмүүс түлштэйгээ залгахад хүндрэлтэй болж
“Сайжруулсан түлшний цэгийг нэмлээ гэх юм. Зайдуу байрладаг өрхүүдийн дунд ядаж нэг цэг байх боломж бий юу гэдгийг холбогдох хүмүүст уламжилмаар байна. Манай гэр цэгээс бараг 600 орчим метр зайтай. Гэтэл ойр түлш зардаг газар байхгүй. Баянхошууны эцэс орж байж авна. Тортог ихтэй түлш ачаад явах таксины жолооч байхгүй шүү дээ. Тэргээр зөөхөөс өөр сонголтгүй. Над шиг бүл муутай хүнд шаггүй юм. Сайжруулсан уугиад асаж өгдөггүй. Мод, цаасаар л асаадаг. Урьд нь нэг шуудай нүүрсийг 1500-2500 төгрөгөөр авдаг байсан бол. Илч муутай сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байна. Долоо хоногт 22500 төгрөгөөр түлш, 10 мянган төгрөгөөр мод нийт 30-аад мянган төгрөгийг түлшний хэрэглээнд зарцуулдаг. Сайжруулсан түлш үнэтэй байхын хэрээр хүртээмж муутай. Манайх гэхэд долоо хоногт найман шуудай түлш хэрэглэх болчих гээд байна. Зургаан шуудай түлшээ арай гэж хүргэдэг” гэлээ.
Нийслэлийн иргэд сайжруулсан түлшний чанар, хүртээмжийн талаар байр сууриа ийн илэрхийлсэн юм. Харин Таван толгой түлш ХХК-ийн мэргэжилтнээс сайжруулсан түлшний нөөц болон хүртээмж тээвэрлэлт ямар байгаа талаар тодруулахад, ”Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 650 цэг ажиллаж байна. Сайжруулсан түлшний түүхий эдийг Өмнөговь аймгаас авчирдаг. Одоогоор 340 тонн түүхий эд, барьцалдуудагч бодис буюу цавуу 67 хоногийн нөөцтэй. Тээвэрлэлтийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байгаа. Нийслэлийн иргэдээс сайжруулсан түлштэй холбоотой санал гомдол бүртгэгдээгүй. Харин карттай холбоотой асуулт ирдэг. Бид цаг тухайд нь Таван толгой түлш компанийн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл өгч асуудлыг шийдвэрлэж байна. Одоогийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрт хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Цаашид хоёр шугам нэмнэ. Нийслэлийн гэр хорооллын галлагаанд 1600-1700 тонн сайжруулсан түлшийг өдөр бүр нийлүүлдэг гэдгийг Таван толгой түлш ХХК-ийн хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Г.Даваабаатар онцоллоо.
Түүнчлэн өнгөрсөн жил зарим өрх түлшний карт их хэмжээгээр авснаар бусад өрхүүдэдтүлшний хомсдол үүсээд байсан. Тус асуудлыг энэ жил шийдвэрлэсэн. Картаа гээж орхигдуулсан иргэн Хаан банкинд 3000 төгрөг тушааж угаар мэдрэгчээ авах шаардлагатай. Бид аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэдийг угаар мэдрэгч авахыг шаардаж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан удаатай. 2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн нь агаарын бохирдолтой тэмцэхийг хичээсэн олон ажлуудаас хамгийн бодитой нь болсон гэж олон нийт үнэлсэн. Энэ үеэс түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх ажил эрчимжин, гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангах ажил нийслэл даяар өрнөсөн. Өмнөх жилүүдэд иргэд сайжруулсан түлшний цэг дутмаг байгаад бухимдаж байсан. Тэгвэл энэ жил Тавантолгой түлш компаниас түлшний цэгийг нэмж, гэсэн хэдий ч хол байрлалтай өрхүүд ойрхон цэг байгуулж өгөхийг хүсэж байгаа юм. Учир нь өгсүүр газарт тэрэгтэй түлшээ түрж гэртээ аваачих нь тэдний хувьд амаргүй байгааг хэлэв.
Б.ОЮУНЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 0 )