Оюуныхаа хөгжлийн бэрхшээлийг асарч тойглох юм сан. Ажлын цаг тарах үед автозам болон автобус доторх зорчигчийн түгжрэл ч тэр таг гацаж орхидог. Жолооч автобусны буудал дээрээс суух хүмүүсээ аль болох багтаахыг хичээж “Хойшоо яваад өг, голоороо яваад өгөөч ээ” гэж хоолойныхоо чангаар орилно. Гэсэн ч нэг бариулаас хоёр, гурав давхралдаж барьсан зорчигчдын хажуугаар зөрнө гэдэг бэрх. Зарим жолооч нар голын хаалгаа нээж, үлдсэн хүмүүсээ суулгана.
Ингэж чихсэн үед дараагийн буудал дээр буух бол яалтай. “Бууна, барина, зөрье” гэж чихэж, зүтгэж байж буух хаалганы ойролцоо очно. Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, тулгуур эрхтний бэртэл авсан, жирэмсэн болон хүүхэдтэй хүмүүс яах вэ. Олон жил дасан зохицсоор ирсэн байж болох ч тэд хэдий болтол “тархины тураалтай, аминчхан” хүмүүст доромжлуулах ёстой гэж.
Нэгэн жишээ дурдахад, Тэнгис кино театрын автобусны буудлаас суухад автобус дүүрэн хүн байв. Хойшоо явах зайгүй байсан тул жолоочийн бүхээгийн тэнд орж зогсов. Дараагийн буудал Гандан. Буух хүмүүс гарах хаалга руу дөхөцгөөнө. Нэгэн суга таяг тулсан, хөлдөө бэртэл авсан бололтой залуу жолоочийн эсрэг талын урд суудал дээр суух бөгөөд гарах хаалга руу зүтгэн доголсоор босож харагдав. Түүний ойр орчимд байсан хүмүүс орох хаалгаар буухыг зөвлөж, тэр залуу ч буухаар чиглэлээ. Автобус буудал дээр ирж зогсон, хаалга ч онгойв. Өнөөх залуу урагшлан буух гэтэл автобусанд суух гэсэн хоёр хүн хажуугаар нь зөрөөд, таягийг нь хуу хамах нь уу гэлтэй орлоо. Автобусны жолооч “Хүнээ буулгаач ээ” гэхэд араас нь орох гэж зүтгэж байсан эмэгтэй 10 хором хүлээв. Гэтэл тэр эмэгтэй буух гэж хичээж буй залууд дэмнээд өгөх байтал “Буух ёстой газраараа буугаач” гэж бухимдах юм.
Нийгмийн хөгжил удаашралтай, амьдрах орчин, нөхцөл муу гээд эхэлбэл тоочоод барахгүй асуудал олон. Гэлээ ч ядаж оюуны хөгжил зогсчхоогүй байна. Бусдыг хайрлаж энэрэх, өөрийгөө оронд нь тавьж үзэх гэсэн эгэл мөртөө нийгмийг соён гэгээрүүлэх зан чанар хүн бүхэнд суугаасай. Оюуныхаа хөгжлийн бэрхшээлийг асарч, тойглох юм сан даа монголчууд минь ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Бидний нөгөө муулаад байдаг ,өмхий хужаа гээд байдаг хүмүүс чинь бидний хажууд дэндүү соёлтой , ядарсан нэгэндээ тус дэмтэй сайхан хүмүүс болчихож дээ. Үхэр монголчууд бид яана даа