Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас санаачлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хөдөлмөр халамжийн газар, Эйч Ар клуб хамтран зохион байгуулсан “Хүн амын бүлгүүдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр хувийн хэвшил, салбар хоорондын уялдааг сайжруулж, нэгдсэн байдлаар тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх, орчин үеийн чиг хандлагад нийцсэн бодлого үйл ажиллагаа явуулж, дорвитой өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага тулгарч буйг онцолсон. “Оролцоод өөрчилье” уриан дор явагдаж буй тус уулзалт хэлэлцүүлэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл холбоод оролцлоо.
Хэлэлцүүлгийн илтгэлийг эхлүүлж ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай Ахмадын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байр хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, танилцуулга хийсний дараа холбогдох аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл уг сэдэвтэй холбогдох санал зөвлөмжүүдийг хэлэлцэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр ахмадуудын ажлын туршлага мэдлэг чадварыг өвлүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх , халамжлан асрах хэлбэрээр ажлын байр бий болгох цаашлаад хөдөлмөрийн үнэлэмж урамшууллын зохицуулалтыг хийх, ногоон ажлын байранд татан оролцуулах боломжит нөхцлийн талаар тус тусын санал бодлоо хуваалцлаа.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулгыг ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Ц.Одсүрэн хийж залуучууд хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдний хөдөлмөрийн харилцаанд бодитой өөрчлөлтүүдийг хийх,энэ тал дээр төр хувийн хэвшил хэрхэн уялдаатай ажиллах гээд олон талт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр ур чадвартай ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн хөлсийг бүтээмжээр нь үнэлдэг байх, эрэлт хэрэгцээ насны бүлэгт нь тохирсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ажлын цагийг уян хатан нөхцөлтэй болгох , ажил олгогч байгууллагууд дотоод соёлдоо анхаарах зэргээр залуучуудын хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх талаар нэлээд өргөн цар хүрээтэй асуудлуудыг хөндөж ярилцав.
Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн зонхилох хувь нь эмэгтэйчүүд байгаа талаар ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Т.Лхагвасүрэн илтгэлийнхээ үеэр онцолж энэ онд шинээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хүүхэд харах үйлчилгээнд цагийн ажлын байр бий болгох боломж, тэр дундаа хүүхдээ асарч буй жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан сурагч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга замын талаар зөвлөлдлөө.
Хоёр үе шаттайгаар зохион байгуулж буй тус хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн газрын төлөөлөл дунд цахим хэлбэрээр явуулж санал бодлыг сонсов.
Сэтгэгдэл ( 0 )