ОЛОН ӨНГӨ: Үгүйрч гээгдсэн хүн чанарыг яалтай 

2022 оны 11 сарын 06

Гандангийн уулзвараас Бөмбөгөр худалдааны төв рүү явах замд тэргэнцэртэй иргэн арай ядан зам талбайн хотгор гүдгэрийг давж яваа харагдана. Хөөрхий тэр эвдэрсэн  замыг эвтэйхэн тойрч  гарах гээд эвээ олохгүй байсан нь тэр. Түүнд туслах нэгэн ч алга. Хажуугаар нь хөгшин залуугүй хэнэггүй өнгөрч харагдах нь хүн чанар нэгэнтээ гээгдсэнийг харуулав. Автозамын хөдөлгөөнд таг түгжирсэн би гүйж очоод тэргийг  нь өргөж дэм болсонд ихэд баярлан энэ замаар өдөр болгон явдаг.

Эвдэрхийг нь эвлүүлчихээгүй л байна даа гээд санаашрав. Ингэж  явахад түүнд таатай лав биш. Ийн түгжирч буй замын хажуугаар тэргэнцэрээ өөрийнхөө чадлаар өнхрүүлэн явж одно.

Зарим нэг жолооч түүнийг тойроод гарах ухаан алга. Золтой л дайрчихаагүй зарим нь бүр сигналаа дарж год хийтэл нь цочоож явган хүнийхээ замаар яв гэж хашгирах аж. Харамсалтай ойр хавьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн явах зориулалтын зам даанч алга. 

Энэ хөгжлийн бэрхшээлтэй  иргэн амьдралаа залгуулах гэж тэмцэж буй байдал бидэнд олон зүйлийг сануулах юм. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих зам талбай хомс. Нийслэлийн замын 90 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд огт зориулагдаагүй гэх судалгаа ч бий. Энэ мэт тэдэнд  ээлгүй төр, нийгмийг  бид яалтай вэ. Үүний хажуугаар хүний мөс хаачив гэлтэй.Үгүйрч гээгдсэн хүн чанарыг яалтай. Хааяа ч гэсэн ядарсан нэгэндээ дэмтэй байж сэтгэлийн гэгээтэй, бие биенээ хайрлаж амьдаръя.

Б.ОЮУНЖАРГАЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top