Өвдөөд очсон хүүхдүүдэд өвчин дэгдэх талбар нь эмнэлэг болж байна

2022 оны 11 сарын 08

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалалтай байхын зэрэгцээ паар дагуулан ор эгнүүлж, шал нь хууларсан байранд өвчтэй хүүхдүүдийг эмчилж буй зураг өнгөрөгч долоо хоногт цахимаар цацагдсан. Харин ЭМЯ-аас гурван жилийн өмнөх зураг хэмээн тайлбарлаад байсан билээ. Ийн Яармагт байрлах Хан-Уул дүүргийн нэгдсэн  эмнэлгээс бодит байдлыг тодруулсан юм.

Тус эмнэлэг баруун зүүн гэсэн хоёр жигүүрт хэвтэн эмчлүүлэгсдээ хүлээн авдаг. Харин үүний баруун жигүүр нь тохижилт хийгдсэн байх бөгөөд зүүн жигүүр нь орох хаалганаасаа эхлээд хөглөрч үүдэнд эмнэлгийн хог хэрэгслээ овоолсон хэцүүхэн дүр зураг биднийг угтлаа. Шатаар дээш гурван давхарт гарахад хана нь мөөгөнцөртөж хууларсан шал нь бутарч хагарсан байв. Хүүхдийн тасагт кордиороор ор дэлгэн хэвтэж буй олон хүүхэд байна. Цаашлаад агааргүй халуун эвгүй үнэртэй орчин угтсан нь тэр. Хүүхдүүд өвдөж ёолон уйлахын хажуугаар халуун агааргүй байх нь хэнд ч таагүй санагдана. Ийн хүүхдийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахыг зорьсон ч ажлын бус өдөр. Тиймээс амарч байгаа гэдгийг эмч сувилагч нар хэллээ. Жижүүр эмч сувилагчаас өөр хариуцах нэгэн байсангүй. Ямартайч цахим орчинд цацагдсан зураг үнэний ортой гэдгийг үүгээр нотлоё. 

 

Иргэн: Үнэндээ шорон шиг л байна

 

Жижүүр эмч, сувилагч гэх хүмүүс "Бид ажлаа хийж байна. Тиймээс энэ нөхцөл байдалд бид буруугүй. Хүүхдийн өвчлөл их байгаа. Ингээд ч болтугай хэвтүүлэхээс өөр аргагүй гэлээ.

Тус эмнэлэгт хэвтэн хүүхдээ эмчлүүлж буй асран хамгаалагчдын төлөөлөл “Амралтын өдрүүдэд коридор дүүрдэг юм байна. Оргүй учир зарим нь шал нь дээр гудас дэвсээд хэвтэж байна. Ирсэн өдрийнхөө маргааш нь ортой болох жишээний. Ор гарсан ч коридор хэсэг буцаад дүүрчихдэг. Эмч сувилагч нар чадлаараа ажиллаж байна. Хүйтэн агааргүй орчинд хүүхдүүд эмчлүүлж байгаа нь эмгэнэлтэй. Эмнэлгийн удирдлагууд агааржуулалт, эрүүл ахуйн орчинд анхаарах хэрэгтэй. Үнэндээ шорон шиг л орчинд байна" хэмээн ярилаа.

Иймд Эрүүл мэндийн Сайд С.Энхболдоо хүүхэд өвдөх эрхгүй юм уу. Өвдөөд очсон хүүхдүүдэд эмнэлэг нь өвчин дэгдэх талбар болж. Жихүүн эмнэлгийн байр энэ амралтын өдөр өвчтэй хүүхдээр дүүрч. Бодит байдалтай нүдээрээ танилцаж нягтлаагүй байж ЭМЯ-ны цахим хуудсаар дамжуулан гурван сарын өмнөх зураг гэнэ хэмээн мэдээллээд суух нь зохисгүй харагдаж байна. Яамны удирдалгууд холбогдох мэргэжилтнүүд уг асуудлыг анхааралдаа авч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тохижилтод нэн даруй анхаарахгүй бол томуугийн оргил үед үүнээс илүүг үзэх шинжтэй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(66.181.160.57) 2022 оны 11 сарын 08

өвдөх ёстой юм уу

0  |  0
зочин(66.181.183.145) 2022 оны 11 сарын 08

очихгүй л байгаач дээ

0  |  0
Top