Таазнаас унжсан болор гэрлэн бүрхүүлийн дунд нуугдсан ялааг ороосон сониноор цохиж алахаар өлмийгөө өргөн гэрлэн бүрхүүлийг няслахад өнөөх ялаа өрөөг хэсүүчлэн ниснэ. Өрөөний баруун хананд байрлах дурсамж гэж томоор бичсэн жааз нь дээр ирээд суучихлаа. Энэ дурсамж бичгийг авсан тэр үед надад мөнгө хэрэг болоод тэмцээнд орсон боловч тусгай байр эзэлж эрхийн бичиг авсан юм. Тэр үед би "Жаазанд хийж зардал гаргаж байхаар тэр мөнгөө ч болтугай надад өгчихгүй дээ" гэж бодож билээ. Яагаад ч юм ялааг чиглүүлж цохихдоо жааз унагаж хаглахаар хэмжээний хүчтэй гэгч нь цохисон ч алийг нь оносонгүй алдчихлаа.
Өрөөний голд буцаж очиж дараагийн байршлыг хүлээн зогсоно. Эргэлдэн ниссээр эмээгээс минь үлдсэн арслантай авдрын ирмэг дээр суучихлаа. Авдар дээр өрж тавьсан номын урд зогсоод хамгийн сүүлд хэзээ ном шагайж сууснаа бодно. Хэвтүүлж өрсөн номын хамгийн дээр нь Орхан Памукын "Шинэ амьдрал" байрлана. Шинээрээ шахуу номуудаа бохир болгочих вий гээд сониноороо ялааг үргээлээ. Цонхны тавиур дээр байрлах дотроо хэдэн зуун ширхэг цаасан таван хошуу хийсэн шилэн вааран дээр суучихлаа. Зориулж хийсэн хүнтэйгээ ам мурийгаад хэдийнээ зургаан сар өнгөрчээ. Санах болгондоо нэмж хийсээр байгаад вааранд багтахаа больж цаасан хайрцаг руу шидэгдэнэ. Хэзээ нэгэн өдөр түүнд өгч магадгүй гээд хэдэн ширхэг дээр нь хүслээ биччихсэн юм. Гэхдээ шилэн ваараа хаглахгүйн тулд ялааг дахин өршөөлөө.
Ашгүй энэ удаад урд, хойно нь хагарах зүйлгүй дүүжин таазан дээр суучихлаа. Өшөө хорслоо одоо л гаргах боломж гэсэн шиг үргэж нисэхээс нь өмнө хамгийн хурднаараа цохиж унагав. Орны хажууд унасан үхсэн ялаагаа авахаар тонгойхдоо орон доогуур унасан НӨАТ-ын баримтыг олно. Баглаа цэцэг, шоколадны цуглуулаг авчээ. Хамгийн сүүлд цэцэг бэлэглэснээс минь хойш хэдийн хагас жил өнгөрчээ. Удахгүй шинэ сар эхлэх гэж байхад унтахын оронд энэ жилийн сүүлчийн ялааг алхаар хөөцөлдөж буй өөрөөсөө "Яагаад юуг ч эцэслэж чаддаггүй" талаараа асууна. Шинэ сар магадгүй шинэ жил эхлэхэд би шинэ амьдрал эхлүүлж чадах болов уу.
О.Ганжаргал
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )