ШТС-ын ойролцоох айлуудыг НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, хоёр хүн сураггүй хэвээр байгааг тус аймгийн DBS TV мэдээллээ.

Болсон явдлын тухайд, өнөөдөр (2022.12.01) өглөө Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж, гал гарсан юм.

Ээлж солилцох үеэр гурван хүн байсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа бөгөөд нэг иргэнийг галаас гарган, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан.

"Нөгөө хоёр иргэнийг одоо хүртэл олоогүй хэвээр байна. Хэрэв галд өртсөн бол амьд үлдсэн байх найдвар маш бага байна" гэж албаныхан хэллээ.

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид гал гарсан газарт үүрэг гүйцэтгэж байна.

Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн Гал унтраах албаны хүчин чадлаар галыг унтраах боломжгүй болсон тул Улаанбаатар хот болон Орхон аймгаас техник болон гал унтраах багийн тусламж, хүсэж, албаны хүмүүс Дарханыг зорьжээ. 

Гал ойролцоох айл өрхүүд рүү орох магадлал харьцангуй бага гэж үзэж байна. Гэсэн хэдий ч эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарган, ажлыг эхлүүлээд байна. 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүдрукт(139.5.217.196) 2022 оны 12 сарын 03

Авилгал нь агаарт

0  |  1
Top