Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохицуулалтыг мөрдөгдөнө

2023 оны 01 сарын 02

Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна.

Сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байна. 

Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт” 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 224 дугаар тогтоолоор батлагдсан. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой уг техникийн зохицуулалт энэ оны 1 дүгээр сараас үе шаттай, 2025 оны 1 дүгээр сараас бүрэн хэрэгжиж эхлэх юм. 

Энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад оршино.

Хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, мах, махан бүтээгдэхүүний мөшгөлтийн тогтолцоог хамаарч байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top