Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Президент" спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна.
Энэ талаарх мэдээллийг өнөөдөр /2023.02.02/ олон нийтэд өглөө. Тус барилгын зураг төслийг боловсруулах ажил 2021 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 75 хувьтай явж байгаа юм.
"Президент" спорт цогцолбор Дүнжингараваас зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд 3.0 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 1.7 га-д нь барилга, 0.4 га-д нь ногоон байгууламж, 1.6 га-д нь зам талбай байхаар төлөвлөөд байгаа ажээ.
Тус цогцолбор нийт дөрвөн давхар байх бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт, талбайн теннис, бокс, бөх, хаданд авиралт, туялзуур сэлэм зэрэг 19 төрлийн спортын үйл ажиллагаа явуулах юм.
Хүчин чадлын хувьд нэгэн зэрэг 1327 хүнд үйлчлэх боломжтой бөгөөд энэхүү цогцолбор баригдснаар 4000-6000 хүүхэд, залуучууд спортоор хичээллэх боломжтой болох талаар албаныхан тооцоолж байна.
Тус бүтээн байгуулалтыг БНХАУ-ын санхүүжилтээр хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр /2023.02.02/ хоёр улсын албаны төлөөллүүд уулзалт зохион байгуулж, шаардагдах хөрөнгө оруулалт, дэд бүтэц, цаг агаарын онцлог, ажиллах орчны талаар ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )