ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Өнөөдөр 2023.04.04. Энэ жилийн 94 дэх өдөр ба он дуустал 271 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 06 цаг 25 минутад мандаж, 19 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын луувангийн өдөр, Олон улсын интернэтийн өдөр, Олон улсын минагүйжүүлэх өдөр тохиож байгаа бол Тайвань Хүүхдийн баяр, АНУ Сэтгүүлчийг тэврэх өдөр, Ангол Энх тайвны өдөр, Сенегал Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр гэнэн урлагийн томоохон төлөөлөгч Эдвард Хикс, “Алтан бөмбөрцөг” шагналт жүжигчин Роберт Дауни, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналт жүжигчин агсан Хит Леджер, дэлхийн хошой аварга хоккейчин Роберт Луонго, дэлхийн хоёр удаагийн, Европын гурван удаагийн аварга сагсчин Руди Фернандес нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1581 оны энэ өдөр далайн дээрэмчин асан Фрэнсис Дрейк дэлхийг тойрон аялах аяллаа дуусгасантай холбогдуулан хатан хаан I Элизабет түүнд рыцарийн зэрэг хүртээв.

1790 онд Франц, Алжир хоёр 100 жилийн энхийн гэрээ байгуулжээ.

1896 онд Юконд алтны халуурал эхлэв.

1947 оны энэ өдөр Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

1949 оны энэ өдөр АНУ, Бельги, Их Британи, Голланд, Дани, Исланд, Итали, Канад, Норвег, Португал, Франц улс Умард Атлантын гэрээ байгуулснаар НАТО бий болжээ.

1973 онд Нью Йорк хотноо Дэлхийн худалдааны төвийн нээлтийн ажиллагаа болов.

2020 оны энэ өдөр Хятад улс коронавирусний халдварын эсрэг тэмцэж, амиа алдсан эмч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр зарлав.

Өнөөдөр билгийн тооллын 14, Харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top