
Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт 47.480 гэмт хэрэг бүртгэгдэж улсын хэмжээнд илрүүлэлт 48.2 хувьтай хүрсэн. Хулгайлах гэмт хэрэг 7017 бүргэгдэж нийт гэмт хэргийн 14.8 хувийг эзэлж байгаа бол Хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 35.7 хувьтай байна.
Өмнө оны 01 дүгээр сард хулгайлах гэмт хэрэг 1248 бүртгэгдсэн бол энэ оны 01 дүгээр сард 874 бүртгэгдсэн нь 30 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн дийлэнх буюу 90 гаруй хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв, зах, үйлчилгээний төв, гудамж талбай, нийтийн тээвэрт олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэн халааснаасаа гар утас, эд зүйлээ алдсан гэх 433 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мал хулгайлах гэмт хэрэг нь энэ оны эхний 01 дүгээр сарын байдлаар 153 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 нэгжээр буюу 26.4 хувиар өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувь нь Архангай, Хөвсгөл аймгуудад үйлдэгдсэн.
Иймд томоохон зах, худалдааны төв, “Сар шинийн баяр”-ын үзэсгэлэн худалдаа, гудамж талбай, нийтийн тээвэр, сүлжээний дэлгүүр зэрэг хүний хөдөлгөөн ихтэй газруудаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, халаас болон цүнхэндээ эд зүйлсээ ил задгай авч явахгүй байх, мөн мал хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан гарал, үүсэл нь тодорхойгүй мал, мах худалдан авахгүй байх, эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )