
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдийн Зурхайч, АУ-ы Магистр Д.Сайнсайхан Цагаан сарын хурал хийгээд түүний утга учрын тухайд:
Билгийн тооллын өвлийн адаг сарын 27-нд хуучин номын хурал эхэлдэг. Энэ өдөр Гомбо Махагала, Гонгор, Шалши, Жамсранг шинэ янгаар татна. Гомбо Махагала нь их төрөлхтөний номын сахиус юм. Их төрөлхтөн гэдэг нь эх болсон хамаг амьтны төлөө их бодь сэтгэл үүсгэсэн бодьгал бөгөөд өөрийн үндсэнд буй зовлонгоор жишиж, зовлонг нь үнэхээр барах асран нигүүлсэхүй сэтгэл үүсгэн, туйлын зорилгодоо хүрэхийн тулд "Би бээр төгс гэгээрсэн бурхан болъё" хэмээх тангарагтан юм.
Билгийн тооллын өвлийн адаг сарын 28-нд Очирваань, Лхам, Намсрайг шинэ янгаар татна. Богд Очирваань хэмээн сүслэн залбирдаг номын сахиусыг бид, Монгол түмэнтэй барилдлага ойр хэмээн үеийн үед залбиран мөргөсөөр ирсэн. Намсрай нь дунд төрөлхтөний номын сахиус юм. Орчлонгийн алив үзэгдэл, оршин буй юмсаас сэтгэл уйссан дунд төрөлхтөн нь гагц өөрийн тулд амгалан бодь хутаг орштугай хэмээн санаж, зорилгоо болгосон бодьгал байдаг.
Билгийн тооллын өвлийн адаг сарын 29-нд Чойжоо, Цамбын шинэ ян татна. Чойжоо нь бага төрөлхтөний номын сахиус юм. Бие, хэл, сэтгэлийн үйл болох буян, нүглийн ялгалд суралцахыг эрхэм болгосон, улмаар авралыг үзүүлэгч тэргүүтэнд итгэл одуулагч, үйл үр хойд нас байх үгүйд эргэлзээ арилсан бодьгалыг бага төрөлхтөн гэдэг.
Дээрх гурван ям буюу арван хангал тахих бүрэн хурлын үеэр хамаг амьтны нас буян, эрүүл энх, ажил төрлийг даатган, залбирал одуулдаг юм. Тиймээс сүсэгтэн та хуралд даган баясаж, заяа буянаа даатгавал, цогийн наран ургаж, та болоод танай ураг төрөл нийт нийгэмдээ амар амгаланд учрах сайн буяны хөрөнгө хураах нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )