.jpg)
Цагаан сарын шинийн 1-15-ны өдрүүдэд Бурхан багш тэрсүүдийн 6 том багшийг номын их рид хувилгааны хүчээр дарж номохтгосон тул эдгээр өдрүүдэд бие, хэл, сэтгэлээ хичээхийг зөвлөдөг.
Энэ үйл явдал нь Бурхан багш гэгээрснээс хойш 7 жилийн дараа, эртний Энэтхэгийн Шравасти хотод болсон гэж сурвалжид өгүүлдэг.
Тухайн үед өөрсдийгөө ихэд бардам, гайхамшигтай чадвартай гэж үзсэн зургаан багш Бурхан багшийг сорьжээ. Бурхан багш эхэндээ ид шид үзүүлэхээс татгалзаж байсан ч эцэст нь ард олныг зөв замд оруулахын тулд 15 өдөр дараалан 15 гайхамшиг үзүүлсэн гэдэг.
Эдгээрийн хамгийн алдартай нь “Хос гайхамшиг” бөгөөд Бурхан багшийн биеийн дээд талаас нь гал, доод талаас нь ус зэрэг гарч, орчлонг гэрэлтүүлсэн гэж сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Энэ үйл явдлыг буддистууд Цагаан сарын эхний 15 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Шинийн 15-нийг "Их гайхамшгийн өдөр" хэмээн үзэж, энэхүү өдөр хамгийн ихээр буян хурдаг хэмээн үздэг байна.
Энэ нь зөвхөн ид шидийн тухай биш, харин өөрийн дотор орших бардам занг номхотгож, үнэн хийгээд ариун байх тухай номлосон үйл явдал хэмээн ойлгож, өглөг буянд машид хичээн шамддаг уламжлалтай ажээ.

Сэтгэгдэл ( 0 )