“Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” арга хэмжээ болж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д /2026.04.27/ эхэллээ.

Арга хэмжээний эхний өдөр “Оюуны өмч, инноваци ба бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулагдав. 

 

 

Оролцогчид оюуны өмчийн тогтолцоо, эрхийн хамгаалалт, патентын мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар илтгэлүүдийг сонсож, санал солилцлоо. Оюуны өмчийн хяналт, шалгалт, гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлууд, зохиогчийн эрх болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын талаар мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн инновацад суурилсан бүтээгдэхүүний өгөөж, үйлдвэрлэлийн салбар дахь эдийн засгийн үр ашиг, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд:

  • Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа оюуны өмчийн тогтолцоо, эрхийн хамгаалалт, патентын мэдээллийн эх үүсвэр болон түүнийг эдийн засгийн эргэлтэд ашиглах боломж, олон улсын болон үндэсний эрх зүйн орчны талаар танилцууллаа.
  • Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч Б.Цэндээхүү оюуны өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа болон холбогдох хариуцлагын талаар мэдээлэл өглөө.
  • Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Н.Ойнбилэг оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх асуудал, хуурамч барааны эрсдэл, хэрэглэгч болон зах зээлийг хамгаалах, хууль ёсны импортлогчдыг дэмжих шаардлагын талаар илтгэл тавилаа.
  • Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны төлөөлөл Д.Дэмбэрэл зохион бүтээх авьяасыг хөгжлийн хөдөлгүүр болгон ашиглах, инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй сайн туршлагын талаар танилцууллаа.
  • Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар Монголын оюуны бүтээлийг дэлхийд гаргасан туршлага, “Оюуны наадам” болон “Keymaster” оньсон тоглоомын амжилтын жишээг хуваалцлаа.
  • “Грийн групп” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Н.Мөнхтулга инновацад суурилсан бүтээгдэхүүний өгөөж, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн туршлагаас хуваалцлаа.

 

 

Энэхүү арга хэмжээ нь 2026.04.28-ны өдөр “Оюуны өмч-хамтын ажиллагаа”, 2026.04.30-ны өдөр “Дэлхийд танигдсан монгол брэнд” сэдвүүдийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдна. Оюуны өмчийг ашиглан бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж үнэ цэн баялаг бүтээх, оролцогч талуудын санал шийдлүүдийг харилцан уялдуулж цогц байдлаар тодорхойлсны үндсэн дээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олж авсан мэдлэг сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Түүнчлэн монгол брэндүүдийн олон улсын зах зээлд амжилттай нэвтэрсэн туршлага, бүтээгдэхүүнийг онцлон танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top