Брюс Лигийн тухай “Алтан луу мэндэлсэн нь”кино хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

"Үхэшгүй мөнх байх гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах юм"

                                                                                                                                Брюс Ли

Америкийн ” Groundswell Productions” болон” QED International”  кино компаниуд хамтран тулааны урлагийн нэрт мастер, найруулагч, гүн ухааны судлаач Брюс Лигийн бага насны амьдралаас сэдэвлэн “Луу мэндэлсэн нь”\ Birth of the Dragon \ киноны  зураг авалт амжилттай явагдаж байгаа талаар “The Hollywood Reporter” мэдээлжээ.

Киноны гол үйл явдал Брюс Лигийн 1960-аад онд тулааны их мастер Вон Жек Ман нарын хоорондын тэмцлээр өрнөх юм.

Тэмцлийн эцэст тэд нэгдэн Чайна тауны гангстеруудтай тулалддаг байна.Киноны уран бүтээлчид одоогоор дэлгэцэнд гаргах хугацаагаа зарлаагүй байгаа юм.

 Брюс Ли нялх балчраасаа авхуулаад амьдралдаа нийт 36 кинонд тоглосон юм.

Түүнийг дорно дахины тулааны гайхамшгийг дэлхийн кино урлагт таниулсан алдартан гэдэг.

Одоогоор зөвхөн түүний амьдрал уран бүтээлийн талаар хийгдсэн 30 гаруй кино байдаг гэнэ.

 Брюс Лиг "Таймс" сэтгүүл 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай зэрэгцэн бичигдсэн байдаг.

 Брюс Ли 1940 оны луу жилийн луу цагт Сан Францискогийн Хятад хороололд\Чайна таун\ мэндэлжээ.

 Ээж нь түүнд дорно зүгийн  эртний уламжлалаар эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь муу сүнс  аваад явдаг гэдэг ярианд итгэн Ли Юн Фан\ бяцхан луу \ гэдэг охин хүүхдийн нэр өгсөн байна.

Энэ нь манайд хүүхэд тогтддоггүй айл сайн, муу нэр хайрлан буруу захтай дээл өмсгөдөгтэй ижил зан үйл юм.

 Түүний жүжигчний замнал ховор сонин тохиолдлоор бүр нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглосноор эхэлсэн байна.

 Мэдээж ээждээ тэврүүлэн гардаг жижигхэн хэсэг.Гэвч хожмын нэрт жүжигчнийг их урлаг руу хөтөлсөн даллага ч байж мэдэх юм.

Түүний эцэг эх нь Кантоны  нүүдлийн хятад хошин дуурийн жүжигчин Ли Хой Чен ба Грейс Ли нар байсан юм.

Бяцхан Лиг гурван настай байхад гэрийнхэн нь Хон конг рүү нүүжээ. Тэнд ч гэсэн Брюс Лид ганц нэг кино болон, жүжигт  тоглох завшаан олдсоор байлаа. Гэхдээ сонирхолтой нь охины нэртэй тэрээр  охидын дүрд тоглодог байжээ.

Жаахан ухаан  сууж сургуульд орсон хойноо тэрээр нэрнээсээ ичин Брюс болгон өөрчилсөн гэдэг.

Хаа газар “охин заяатай” номхон хүлцэнгүй байхыг  Ли хүссэнгүй. Сургууль дээрээ хэд хэд зодуулсныхаа дараагаас күн-Фүгээр  хичээллэж эхэлжээ.

Багаасаа “ча –ча-ча “ бүжгийг гарамгай эзэмшин цөөнгүй тэмцээнд түрүүлсэн Ли күн-фүгийн  багш дээр анх очихдоо” Би ча –ча-ча “ бүжгийг бусдаас илүү сайн бүжиглэж чадна.Та надад күн-фүгийн  техникийг зааж өгөөч.Би ч танд бүжгийн амтыг мэдрүүлэх болно. “гэж шавь орсон гэдэг.

 Удалгүй маш богинохон хугацаанд  тулааны техникийг чадмаг эзэмшиж  өөрийгээ  авъяастайгаа  таниулж эхэлжээ.

Гэвч гудамжинд хүн өдөөд явахгүй ч номхон зогсож байгаад “ухамсарын шанаа “ амсдаггүйгээс  болж багагүй чих халууцуулаад авчээ. Эцэст нь  гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан байна.

 Түүний тулааны үндсэн төрөл нь күн-фүгээс  вин чун луу шилжин 1956 онд Ип Манд шавилан багагүй туршлага хуримтлуулжээ.Чак Норрис, Стив Мак Күйн, Карим Абдул Жаббар зэрэг одууд ч шавь нь болсон юм.

Зэвсэггүйгээр бие хамгаалах дасгалаа өргөтгөн тэлсээр  тэрээр жүдо,жиү жицү , боксын төрлүүдээс олон шилдэг аргуудыг өөрийн болгон эзэмшжээ.

 

Ингээд тэр Сиэтлд очин гүн ухаан судалж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо маш их болсон ба

 Ли Эдисоны техникийн сургуулийг төгсөн Вашингтоны их сургуульд элсэн оржээ. Тэнд Линда Ли Кэдвеллтэй  танилцан \1964  \ жилийн дараа  тэд гэрлэжээ.

Линда Брюс Лид хүү Брендон \1965-1993\,охин Шенон \1969\ нарыг төрүүлж өгчээ.

Калифорнид нүүн ирж тулааны урлагийн шинэ сургууль нээв. Үүнд нь дургүйцсэн нутгийн тулааны мастерууд халз тулаанд дууджээ.

 Хэдийгээр тэрээр ялсан боловч тулаан маш удаан үргэлжилсэн учир Ли шинээр арга барил зохиох шаардалага тулгарсан байна.

Удалгүй Брюс Ли Калифорнид  алдаршаад зогссонгүй улсын аваргад орсноор Америк даяар алдаршив. Аваргын төлөө Дэн-Инсантод бараг үзүүлэн тоглолт хийчихжээ. Инсанто ч тэмцээний дараа түүний шавь болсон юм.

Лигийн алдар суу тэлсээр Холливудынхны анхаарлыг татаж эхлэв. Бэтмений нэг анги болох "Грийн Хорнет"-эд Хорнетын жолооч Катогийн дүрд тоглох санал иржээ.  Кино ч амжилттай болж ирэв. Үзэгчид Хорнетээс илүү Катог сонирходог болсон байлаа.

Алдар хүндийн оргил руу ид тэмүүлж буй үедээ тэрээр нуруундаа маш хүнд бэртэл авчээ. Эмчлүүлж байх хугацаандаа Ли зүгээр суусангүй. Өөрийн  зохион боловсруулсан  тулааны урлагийн шинэ төрөл  болох Жэт Күн Догоо боловсруулжээ. Жэт Күн Дог  олон тулааны урлагийн нэгдмэл цогц болгохыг хичээн чармайж байсан юм.

Мөн тулааны урлаг болон философийн талаар ном бичих болов.

Цагт 275 долларын чамлахааргүй  хөлсөөр тэрээр тулааны урлагийн болон бясалгалын хичээлээ зааж байсан ч Ли элбэг хангалуун амьдарч чадсангүй.

Хэргийн учир тэрээр  телевизийн олон ангит кинонд тоглодог ч гол дүр олдохгүй байлаа.

 

1970 онд тэрээр Хонг-Конг руу буцлаа. Очсон даруйдаа  адал явдалтай киноны продюсеруудтай танилцан хамтран ажиллах болсон байна.

Golden Harvest” кино студийг амжилттай байгууллаа.\Хожим нэрд гарсан\

Студийн захирал Рэймонд Чоуг ятгаж чадсанаар “Том босс” киног адал явдалт тулааны хэлбэртэй болгон өөрөө гол дүрд нь тоглосноор энэ төрлийн киног дэлхийн урлагийн урлагийн зах зээл дээр өндөр тавцанд аваачжээ.

 

Ли өөрөө зохиолыг нь бичиж, тулааны хэсгийг нь найруулан анх удаа гол дүрд нь тоглосон “Хилэнт нудрага” киногоо 100,000 долларын зардалтай хийлээ. Кино маш хурдан өрнөлттэй мөн тэр чигээрээ цус  урсдаг байлаа. Гэвч энэ кино жинхэнэ хит болон үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.

 Тэрээр дэлгэцэн дээрх тулаан ямар болбол үзэгчдэд аятайхан байхыг судалж эхлэв. Түүнийг ирэхэд тулаантай кинонуудын зодоон нь удаан хөдөлгөөнтэй мөн бүтэшгүй хийсвэр зүйлүүдтэй дүүрэн, нисч дүүлсэн хүмүүстэй кинонууд байлаа.


Ли бүх киноныхоо тулааны хэсгүүдийг өөрөө найруулан, өмнөх кинонуудын супермэнүүдээс татгалзан, амьдралд ойрхон, гэвч маш хурдан хөдөлгөөнтэйгээр хийж эхлэв.

Тэрээр өөртөө хайр найргүй өндөр шаардлага тавьдаг шаргуу хөдөлмөрч байсан ч орчин тойрон хүрээлэн буй хүмүүстээ тун ч эелдэг, тусч, сайхан сэтгэлтэй  нэгэн байсан ажээ.

1972 онд "Луу эргэж ирсэн нь” кинонд өмнөх киноныхоо зохиолтой адил мафийнхнаас гэр бүлийнхнээ хамгаалсан дүр бүтээв. Энэ удаагийн киноны зураг авалт Ромд болсон байна. Өөрийн шавь Чак Норристой Колейзейд амь хайргүй тулалдаж байгаа нь киноны оргил хэсэг нь юм. Үүний дараагаас Чак Норрис адал явдалт киноны од болох гараагаа эхэлсэн байдаг.

Уг киногоо залгуулан "Үхлийн тоглоом" нэртэй кино хийж эхэлсэн ч зураг авалтыг хараахан дуусгалгүй Америк явлаа. Учир нь Холливууд түүнд боломжийн санал дэвшүүлжээ.

Мөн 1972 ондоо гаргасан "Enter the Dragon" нь кино нь мэргэжлийн судлаачид хийгээд  үзэгч түмний  талархлыг хүлээж чадсан түүний хамгийн оргил кино нь байлаа.

 Хонг Конг, Холливудтай хамтарсан тэр бүтээлээ 850,000 доллар заран бүтээсэн нь тухайн үеийн хамгийн супер одод тоглосон, үнэтэй кино болгож байлаа.

"Enter the Dragon"-д өмнөх кинонуудад гаргасан бүх алдаагаа зассан байлаа.

Гэвч кино нээлтээ хийхээс долоо хоногийн өмнө Брюс 32 насандаа тэнгэрт хальсан юм.

Түүний тоглосон сүүлчийн киног 5 жилийн турш орлон тоглогчдын тусламжтай зураг авалт хийн дуусгасан байна.

Түүний үхлийн шалтгаан учир бүтүүлэг байсаар өнөөдрийг хүрээд байна. Албан ёсоор тархинд нь цус харвасан гэсэн боловч өөр олон таамаг байдаг юм.

Алдар гавьяа , атаа хорсол зэрэгцүүлсэн  Лиг зохион байгуулалттай хордуулсан, мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэснээс  болсон гэж үздэг.Бас нууц амрагийнхаа өвөрт амьсгаа хураасан гэдэг яриа бий.

Мөн түүний хүү Брэндон Ли 1994 онд "Хэрээ" гэдэг кинонд тоглож байхдаа 28 насандаа буудуулан үхсэн юм.

 Гэвч Брюс Лигийн цаг бус үхэл нь түүний кино урлаг дахь  мөнхийн байр суурийг ганхуулж дийлээгүй юм. Нэгэн удаа тэрээр "Үхэшгүй мөнх байх гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах юм" гэж  хэлжээ.  

Тиймээс ч одоо хүртэл  түүний шүтэн бишрэгчид жилээс жилд  улам нэмэгдсээр байдаг билээ .

Продюссерүүдийн хувьд халаас нь нөхөшгүй том цоорсон ч Лигийн  дуусаагүй “Үхлийн тоглоом” болон алдарт шар мотоциклын хувцастай хэсэгт Эд Вүүдийг тоглуулан нэмж,  нийлүүлэн гүйцээн киног дэлгэцэнд  гаргасан юм.

Түүний эрэмгий харцтай хурц дайчин дүр, гайхам тулааныг үзэгчид  мартахыг хүссэнгүй.

Продюсерууд ч энэ бүхнийг овжин ашиглан Брюс Литэй ижил төрхтэй залуусыг жүжиглэх эрдэм болон тулааны урлагт бэлтгэн Брюс Лиг санагдуулам кинонуудыг гарган чамлахааргүй амжилт олжээ.Тэр бүү тэдний нэрийг анзаарахгүй бол андуурмаар Чайна аргаар сонгожээ.\Bruce Le, Bruce Li, Bruce Lai, Bruce Thai, Bruce Lea and Dragon Lee\

“Онгоцны буудал дээр би түүнийг харсан” гэх мэтчилэн  Брюсыг амьд байна гэсэн цуу яриа ам дамжсаар түүнийг хорвоогийн хаа нэгтээ бясалгал үйлдэн буйгаар  төсөөлөн залбирагсад үй олон билээ.Тэднийг ятгахаас “далайг галдах” амар болов уу?

Л.Мөнхбат

   

Брюс Лигийн тухайсонирхолтой баримтаас:

 

  • Брюс Ли 171см өндөр, 65 кг жинтэй
  •  
  • Тэрээр дээсээр 800 удаа үсэрдэг
  •  
  • Түүний бэлхүүсний харьцаа 66-71

 

  • Жимс, ногооны төрлийн хүнс голчлон хэрэглэдэг тэрээр үхрийн хэрчсэн мах, элэгээр бэлдсэн зуушнаас татгалздаггүй байв.

 

 

  • Шингэн сүүнээс илүүтэй жимс ногооны шүүс хэрэглэнэ. Хуурай сүүг шингэлж уух нь элбэг байжээ.

 

  • Тэрээр хөлөө өргөөд гар дээрээ 30 минут илүүтэй зогсож чаддаг

 

 

  • Чанамалын болон ундааны бөглөөг нэг хуруугаараа онгойлгоно\Тэр үеийн хөнгөн цагаан бөглөө, таглаа одооныхоос  зузаан нягт байжээ\

 

  • Агаарт шидсэн ширхэг будаа ,жимсний үрийг алдалгүй савхдан амждаг

Киноны бүтээлийн  шагнал:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tamir(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

САЙХАН ЗАЛУУ ШҮҮ. ААВ ХҮҮ ХОЁР АРАЙ Л ЗАЛУУГААРАА ЯВСАН ЮМ ДАА. ЯДАЖ 40 ХҮРЭЭД ҮХЭХГҮЙ ДЭЭ. ХҮҮГ НЬ БОЛ УЛАЙМ ЦАЙМ БУУДААД ХОРООЦОН ШҮҮ ДЭЭ.

2  |  0
Top