Сүүлийн үед эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эхийн эндэгдэл газар авсаар байна. Дөнгөж төрсөн эхийн хэвлийд шархны боолт, хөвөн зэргээ мартаж орхидог уймраа эмч нараас болоод өдөр алгасахгүй шахам хүний амь нас хохирч, хүүхэд өнчирсөөр байгаа нь нууц биш. Өнгөрсөн жил гэхэд л, Нийслэлийн III амаржих газарт хүүхдээ төрүүлсэн залуухан бүсгүйн хэвлийд шархны боолт мартаж орхисноос үүдэн бүтэн жил гаруй хугацаанд өвчинд ороогдож, хэвтрийн нэгэн болж хувирсан эмгэнэлтэй явдал гарсан. Нялх үрээ ч хуурайлж чадахгүй болтлоо доройтсон тэр эхийн хэвлийд байгаа шархны боолтыг авах хүртэл байдал ийм хэвээр үргэлжилж, эмч нар “Хохь нь” гэх нь халаг юм болж суусан гэдэг. Харин хэрэг явдал илэрмэгц өөр хоорондоо буруугаа чихэж, үүд хаалгаа барьж сууцгаасан ч эцсийн бүлэгт мөнөөх бүсгүй эрүүл мэндээрээ хохирч, дахин хүүхэд төрүүлэх эсэх нь ч эргэлзээтэй болж хоцорсон юмдаг.
Түүнээс хойш төд удалгүй хөдөө орон нутагт үүнээс ч дор юм болж, эхийнхээ халуун хэвлийгээс дөнгөж мэндэлсэн нялзрай амьтныг буцлам халуун усаар шалзалж орхисон түүх бий. Амихандаа, угааж цэвэрлэх гэж явсан юм байх аа. Гэхдээ зохих температур нь ямар байх ёстойг мэдэхгүй юмаа гэхэд ядаж хуруугаа дүрээд үзчих сэтгэл гаргаагүй л юм даа, тэр асрагч эмч. Биеийнх нь тал хэсэг түлэгдсэн хөөрхий нярайг амьдаар нь шалзлах дөхсөн тэр халуун усаараа мань эмч толгойгоо ч угааж чадахгүй байсан гэж бодохоор дургүй хүрмээр. Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн энэ эмгэнэлтэй ч гэмээр явдлын дараа мөн л хайхрамж муутай эмчийн болгоомжгүй үйлдлээс болж, нэгэн нярай эндэх шахсан. Чангахан тэврэхэд ч хэцүүхэн мэт санагдах эмзэг турьхан нярай жаалыг паар савуулсан хэргээ тэр эмч “Гараа мултраад унах дөхсөн” гэж булзааруулсан.
Иймэрхүү жигшил, зэвүүцэл төрүүлсэн хэргүүд ар араасаа цуварч эхэлснээр “Энхийн манаанд зогсдог” эмч нар маань эрлэгийн элч мэт санагдах болсныг нуух юун. Эхийнхээ хэвлийд бүрэн бойжиж амжаагүй, төрөх хугацаа нь хараахан болоогүй нярайг кесарево хагалгаагаар гаргасан хойноо “Уушги нь төлжөөгүй байна. Угийн суурь өвчтэй” энэ тэр хэмээн оношлоод бултсан эмч нарын тухай зөндөө л сонсч байлаа. Тэр ч байтугай, дөнгөж амаржсан эхийн хэвлийгээс эхэсийг нь салгаж авах гээд савтай нь цуг татаад гаргачихсан эмч нар ч бий. Тэгсэн атлаа дахин үр хүүхэд төрүүлэх боломжгүй хэмээгээд эмнэлгээсээ хөөж гаргасан гэх.
Тэгтэл саяхан Нийслэлийн I амаржих газарт эмч нарын буруугаас болж нэгэн эх эндсэн хэрэг гарлаа. Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн хэвлийд хүй нь наалдсан гэх шалтгаанаар хоёр удаа хагалгаа хийсэн эмч нар хөвөнгөө мартаж орхиод дахин гурван удаагийн хагалгаанд оруулжээ. Ингэхдээ хагалгаа хийх болсон шалтгаанаа ар гэрийнхэнд нь хэлэх байтугай, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн аашилсан байх юм. Эхнэрээ ийн олон удаагийн хагалгаанд орсныг бүр сүүлд нь мэдсэн залууд “Танай эхнэр суурь өвчтэй юм байна. Тэгээд ч жирэмсний хяналтанд орж байгаагүй учраас та нарын буруу” гээд хаалгаа савж одсон эмч нарт хэн хариуцлага тооцох ёстой вэ. Хөөрхий эх таван удаагийн хагалгааг дийлэлгүй, хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд хэн ч толгой бөхийсөнгүй. Өнчирч хоцорсон дөрвөн хүүхдийн хамгийн том нь гуравдугаар анги, дараагийнх нь гурван настай бол, дөнгөж төрсөн хүү, охин хоёр нь эхийнхээ халуун сүүг ч амлаж чадалгүй хоцорлоо.
Энэ мэт эмчийн тангарагаа эрлэгийн үүдээр сольсон хэнэггүй нөхөд эрүүл мэндийн салбарт хэдий болтол хүний амь насаар тоглох вэ. Өвдөж зовсон хэнбугай ч, өмнө нь царайчилж зогсох ёстой гэж ойлгодог эмч нарын хатуу сэтгэл, авлигад идэгдсэн арчаагүй байдалд цэг тавих цаг нь болсон гэдгийг ард түмэн Эрүүл мэндийнхээ сайдад дуулгасаар байгаа.
