Дуулиант МИАТ-ийн араас ИНЕГ-ынхан зорчигчдийн халааснаас 2 тэрбум төгрөг гувчуулсан хэрэг дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Төрийн байгууллага тоншоочдоор дүүрчээ. Тодруулбал ажлаа хийсэн болно, цалингаа авна, бас дахиад цадталаа тоношино. Иргэдийн, ард түмний өнөөдөр маргаашийн талхны мөнгөнөөс хомхой сэтгэлээр тоношиж  өөрийн хүүхдүүдээ гадаадад сургаж өрөөлийн хүүхдийн өрөөсөн оймсыг булааж аваад давхарлаж өмсгөнө. Та хэрэв санаж байгаа бол татварын албаныхан дарга цэрэгтэйгээ нийлж олон саяар нь идсэн байсныг саяхан АТГ-с илрүүлсэн. Түүнчлэн “МИАТ” компани “Дайны эрсдэлийн даатгал”-ын 700 сая ам. долларыг угаасан башир явдал илчлэгдсэн. Энэ мэт шил шилээ дарсан үйл явдлын залгамж халааг бас нэг төрийн байгууллага авах нь юутай харамсалтай вэ.

 Яг дээрх компанийн нэр бүхий албан тушаалтнууд улсын мөнгийг угааж хувьдаа ашиг хүртэж байсан шиг Иргэний Нисэхийн Ерөнхий газарт ч бас шунахай сэтгэлээр шургалсан хүмүүс байсныг манай сайт та бүхэнд баттай эх сурвалжийн баримтаар дэлгэж байна. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын “Нисэх буудлын зорчигч бүртгэлийн систем” нэрийн дор хоёр тэрбум төгрөг хашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байх юм.  

 Энэ их мөнгөний түүхийг сөхвөл 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ИНЕГын данснаас “Электрон Системс” компанийн дансруу 1 тэрбум 300 сая төгрөг шилжсэн байдаг. Харин энэ компанийн мөрөөр шалгаж үзэхэд тендерт ямар шалтгаанаар ялсан нь тодорхойгүй, "X" тайлантай компани байх бөгөөд "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлын холбооны инженер Батболдын эхнэр А.Баярцэцэгийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, хаяг байршил нь баталгаагүй хувийн компани байгаа юм.

 Харин ийм үл бүтэх компани тендерт ялж хоёр тэрбумын гэрээ хийхэд өмнө нь улсын мөнгөнөөс идсэн хэргээр сэжиглэгдэн цагдаагийн хаалга татаж, ажлаасаа халагдаж байсан ИНЕГ-ын Тендерийн хорооны дарга Чулуунбаатар гэх хүн тусалсан байдаг байна. Энэ хэрэгт Чулуунбаатараас дээгүүр албан тушаалтай хэд хэдэн хүн хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл ИНЕГ мөнгө угаадаг албан тушаалтны сүлжээ бүхий мафи үйл ажиллагаагаа явуулж эхлээд олон жилийг үдсэн байж. ИНЕГ-ын дарга Батмөнх, Төлөвлөлтийн Ерөнхий менежер Г.Наранцэцэг нар гар бие оролцож хувь хүртэж байдаг бол луйварчдын толгойлогчоор Агаарын Тээврийн зохицуулалт хариуцсан Ерөнхий менежер Доржийн Эрдэнэбат ажиллаж хамаг хэргийг удирдан зохион байгуулж байжээ. Тэд ийнхүү хоёр тэрбум төгрөгний төсөв бүрдүүлэхийн тулд шууд л зорчигчидын халаас руу шуналын гараа дүрж нисэх буудлаар орсон гарсан бүх хүнээс 4000 төгрөгний татаас авахаар шийдсэн байна. Ингэхдээ зорчигч нисэх буудлын хураамж 18000 төгрөгийг дураараа 22000 болгон өөрчилж энэхүү нэмэлт төлбөрийг 2012 оны 2 дугаар сарын нэгнээс буюу гэрээ хийгдэхээс 27 хоногийн өмнөөөс авч эхэлсэн аж. Дураараа гэхийн учир нь зорчигч нисэх буудлын хураамжийн үнийн тарифийг нэмж хасахдаа “IATA” Олон Улсын Нисэх Буудлын холбоонд нэг жилийн өмнө заавал мэдэгдсэн байх шаардлагатай байдаг гэнэ.

 Энэ нь хугацаанаас өмнө тасалбараа худалдан авсан зорчигчдод нөлөөлөхгүйн тулд зохицуулалт хийхийн тулд олон улсын мөрддөг дүрэм юм. Гэтэл ИНЕГ-ын бүлэг ажилчид мөнгө угааж луйвар хийхийн тулд шууд л зорчигч тутмын халааснаас 4000 төгрөг суйлаад байж. Тус нисэх буудлаар жилдээ 300 мянган зорчигч үйлчлүүллээ гэж тооцвол нэг тэрбум гурван зуун саяас илүү мөнгө болох бол яг бүртгэлдээ нэг сая зорчигч үйлчилгээ авдаг байна. Ингээд бодохоор тэдний үйлдсэн хугацаагүй гэрээний дагуу жил бүр хэмжээгүй олон тэрбум төгрөг “Электрон Системс” компаний данс руу орж зохион байгуулсан нөхдүүд бэлнээр гарган авах бүрэн бололцоо бүрдэж байна.

 Мөнгө идэх шалтгаан болсон зорчигч бүртгэлийн системийн ажилыг МИАТ компани хийж байгаа бөгөөд зэрэгцүүлж хийх нь тэдэнд тун ч таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж болно. Үүнийг луйвар байсан гэдгийг батлах нэг том шалтгаан бол гэрээ хийгдэж дансанд мөнгө ороод жил хагас болоход гүйцэтгэгч гэх “Электрон Системс” компанийн зүгээс ямар ч ажил хийгээгүй байгаа юм. Харин гэрээнд “Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн үйлчилгээг гэрээ батлагдсанаас хойш 30 хоногийн дараа эсхүл гэрээний тусгай нөхцөлд зааснаар үзүүлнэ” гэжээ.

 Мөн дээрх гэрээнд тэмдэглэсэн гүйцэтгэгч талын утасны дугаар дээр Батболдын 9191-тэй гар утасны дугаар байх бөгөөд компанийн хаяг СБДүүрэг 18 дугаар хороо гэсэн хэрнээ 36-тай гэрийн утасны дугаар байх юм. Энэ нь ямар нэг эрсдэл гарсан тохиолдолд зөвхөн Батболдтой л холбогдох боломжийг бүрдүүлж байгаа гэж болно. Мөн дээрхи гэрээ дуусах хугацаан нь тодорхойгүй байгаа нь байнга ИНЕГ-аас мөнгө гарч байх нөхцөлийг бүрдүүлсэн гэлтэй.  Харин эл башир санаат хүмүүс хийсэн хэргээ нуун далдалахын тулд дансны бичилтээ сольж, шинээр үйлдэж авлага үүсгээд сууж байгаа аж.

Болсон үйл явдлыг онигоогоор тайлж хэлбэл Чипаев, Петка хоёр музей үзэж байж. Гэтэл Петка нэг мөнгөн сэрээг аваад сэмхэн халааслахыг харсан Чипаев тэнд байсан хүмүүсрүү хандан: та бүхэн анхаарлаа хандуулна уу. Би энэ алтан сэрээг энгэртэй хийхэд Петкагийн халааснаас мөнгөн сэрээ болж гарч ирнэ гэжээ. Тэд ийм амар аргаар л ард түмнийг шулдаг байж.

 Энэ хэргийн хохирогчид нь ард түмэн бол завшигчид нь тэдгээр хүмүүс болоод нэр бүхий улс төрчид байгааг олж илрүүлээд байгаа юм. Гэрээ хийгдсэн хугацаа, мөнгө угаалтын үйл явц сонгуулийн өмнөхөн байгаа нь танд ч бас сэжиг төрүүлэх бизээ. Шатахууны үнэ өссөн нэрийн дор гадныхан биднээс завшдаг бол, дотны тоотой албан хаагчид бас ийнхүү мөлждөг нь нэгэнт ил болж байна. Манай сайт хэргийн мөрөөр орж та бүхэнд ИНЕГ бугшсан луйврын гэмт хэргийн талаар дахин мэдээлэх бөгөөд энэ бол зөвхөн эхлэл юм.

Дашрамд дуулгахад Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу төрөөс Иргэний нисэхийн талаар зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд ард иргэдийн төлөө ажиллах ёстой байгууллага билээ.

www.chuhal.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uoiyu(203.91.112.12) 2025 оны 03 сарын 13

zavaan umnuud

1  |  0
Дагва(122.201.18.207) 2025 оны 03 сарын 13

Эхлээд Дагва дараа нь Батмөнх мөн ч олон жил ИНЕГ-ийг идсэн дээ. Хэмжээлшгүй идсэн. Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд хувийн жипүүдээ тэмээ шиг холбон ашиглуулж ирээд гахай шиг иддэг хэн ч хэлэх нь бүү хэл урдаас нь эгц харж чаддаггүй он жилүүд өнгөрсөн. Энхбаярын найз Тагнуулын орлогч даргаас эхлээд МАХН-ын баахан хүүхдүүдийг гадаадад зардлаараа сургахаас эжхлээд хийгээгүй юм гэж байхгүй дээ. Дэндүү дээ дэндүү. Жигжид олон жил хаацайлж хувааж идсэн.

1  |  0
Top