Э.Төрмандах: Монгол хүн бүрт омогшил, бахархлыг мэдрүүлэх миний “Аархал”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах энэ сарын 19, 20-нд “Аархал” нэртэй ээлжит бие даасан тоглолтоо хийхээр зэхэж буй. Хит дуунуудаараа үзэгч, сонсогчдынхоо бахархлыг төрүүлж чадсан залуу уран бүтээлч маань сонирхуулах зүйл ихтэй яваа биз ээ. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Тоглолтынхоо нэрийг “Аархал” хэмээсний учир юу вэ?

-Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орон, нутаг ус, түүх соёлоороо бахархах омогшил бий гэж боддог. Тэгээд ч миний дуулсан “Аархал” дуу монголын ард түмний сонсох дуртай дуунуудын нэг болж чадсан учраас тоглолтоо нэрлэсэн хэрэг. “Аархал” миний хоёр дахь бие даасан тоглолт.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэчнээн цомог гаргасан бол?

-2010 онд “Сайхан”, 2012 онд “Борхон зүрхний аав”, 2013 онд “Аархал” нэртэй цомгуудаа худалдаанд гаргалаа.

-Энэ удаагийн тоглолт чухам юугаараа онцлог байхыг сонирхсон хүн олон байгаа болов уу?

 -Нэг их онцлог, энэ тэр гээд байх юм алга даа. Гэхдээ өмнөх тоглолтуудаа бодвол тайз засал нэлээд том хэмжээнд хийгдэнэ. Гэрэл чимэглэл, хөгжим хэрэгсэл гээд урьдынхаасаа улам сайжирсан. Тоглолтод маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, “Морины” гэгддэг гавьяат жүжигчин Г.Батбаяр, дуучин н.Цолмонбаяр зэрэг эрэгтэй уран бүтээлчид оролцоно. Ер нь, энэ удаагийн тоглолт маань “Аархал” нэрэндээ тохирсон, эх орон, эрчүүдээ магтан дуулах зорилготой байгаа. Мэдээж хэрэг, монголын сайхан эмэгтэйчүүд, ээж нарынхаа тухай дуулалгүй яахав.

-Яагаад заавал энэ өдрийг сонгож тоглолтоо хийдэг юм бэ?

-Урин дулааны улирал, ирж яваа цаг гэдэг утгаар нь ингэж сонгодог. Тэгээд ч миний дуулсан “Энх улирал”-тай холбоод үзэхээр яалт ч үгүй урин дулаан цагийг билэгддэг. Нялх ногоо цухуйж, яргуй дэлбээлсэн сайхан цаг. Хүн болгоны сэтгэл уужирч, хорвоо бүхлээрээ өнгө нэмэх шиг болдог шүү дээ, энэ үед

-Сүүлийн үед манайхан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх нь нэмэгдсэн. Таны хувьд төлөвлөсөн зүйл юу байна вэ?

-Өнгөрсөн намар би “Юнител” групптэй хамтарч Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь зэрэг 10 аймагт “Зүүдний шувуу шиг бүсгүй” тоглолтоо сарын хугацаанд толилуулаад ирсэн. Харин одоо “Аархал” тоглолтынхоо дараа нийт 21 аймгаараа тойрох бодолтой явна. Уншигч, сонсогчиддоо хандаж хэлэхэд, энэ сарын 19, 20-нд болох “Аархал” тоглолт дээр уулзацгаая.

Р.Мөнгөн   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Tas huduunii ergvv******batsaan uuriiguu od geed bodtson iim yunuud sayiin nuhuriin heldegeer tuuliin hogiit tsevrelcheed aarhaj baival yaaya gehev envvgeer hogo tvvlgvvl taarna

1  |  0
Top