Өвөрхангайн нам мөнгөтэй хүмүүсийн халаасанд орох ёсгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Улстөрийн намын санхүүжилт тодорхойгүй байдаг. Аль ч шатны нам “Хэдэн төгрөгийн хандив өгчих болов уу” гээд мөнгөтэй хүмүүсийг намдаа татдаг. Үүний улмаас мөнгөтэй хүмүүс л илүү шийдвэр гаргах түвшинд оролцдог боллоо. Ингээд нам хэдхэн мөнгөтэй компанийн мэдэлд орох эрсдэлтэй болж байна. Үнэт зүйлсийнхээ төлөө бус, эрх мэдлийн төлөө намд орж ирсэн нөхдүүд урваж шарвах нь их боловч ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Мөнгөтэй нь эрх мэдлийг барьдаг байвал жинхэнэ либераль үзэлтэй хүн манай намын бодлогод оролцож чадахгүй болно. Тиймээс ер нь улстөрийн намыг ард түмний итгэл хүлээсэн хэмжээгээр нь төсвөөс тодорхой хэмжээнд санхүүжүүлж, санхүүжилтээр нь хариуцлага тооцох механизм бүрдүүлэх нь чухал юм гэж Өвөрхангай аймгийн АН-ынхан ярьж байлаа.

Өвөрхангай аймгийн АН-ынхан 4 дүгээр сарын 13-ны өдөр намынхаа үндсэн дүрмийг хэлэлцүүлж,АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Өвөрхангай аймгийн АН-ын дарга И.Мөнхжаргал, сумдын намын удирдлага, гишүүд оролцсон юм.
Мөн АЗХ, эмэгтэйчүүдийн холбоо дүрэмтэй байна гэж байгаа ч суманд намын дүрмээ мэдэхгүй байх тохиолдол бий. Тиймээс дүрмээ танилцуулж сурталчилж ойлгуулах чухал. АН ялсан тохиолдолд нэг Засаг даргыг солих биш, АН-ын бодлого явуулахын тулд бодлого сольж байгаа гэдгээ харуулж, бодлого хэрэгжүүлэх хүмүүсээ ажиллуулах ёстой. Ийм заалтыг дүрэмдээ ойлгомжтой болгож өгөх ёстой. Нэгэнт ард түмний сонголтыг авчихаад манан үүссэн юм шиг ажил хийх боломжгүй нөхцөлтэй байж болохгүй. Солих ёстой хүмүүсээ солиод АН-ын бодлого хэрэгжүүлэх л ёстой.
Түүнчлэн олон удаа ялалт байгуулсан дунд шатны намыг дэмжиж, иргэдийнх нь саналыг намын бодлогын түрүүнд оруулах зэрэг механизм бүрдүүлэх, залуу боловсон хүчнүүдээ сургаж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд анхаарах талаар дүрэмд тусгах шаардлагатай гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top