Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хуваарь гарсантай холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжилт хөдөлгөөнийг санал хураалт дуустал түр зогсоох болсныг дуулгаж байна.
Мөн энэ сарын 30-ны өдрөөс өмнө СЕХ гадаад улс оронд оршин сууж буй иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн байгуулах юм. Гадаадад суугаа иргэд санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж эсвэл цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэн бүртгүүлэх юм байна.
Түүнчлэн УИХ-д суудалтай улс төрийн намууд Ехөнхийлөгчид нэр дэвших ажиллагааг сонгуулийн тов зарлагдсан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, мөн хугацаанд дуусгана. Энэ ажил нь 5 сарын 3-12-ныг дуустал үргэлжилнэ. Харин үүнээс хойш 5 хоногт нэр дэвшигчээ тодруулсан улс төрийн нам нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх юм байна.
СЕХ баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай шийдвэрлэж нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )