“Academy Awards-2013” наадамд “Богино хэмжээний кино” нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа кино урлагийн салбарт олон төрлийн дэвшил харагдаж буй. Кино уран бүтээлчдийн дээд шагнал болох “Academy Awards-2013” наадмыг   Монголын үндэсний кино урлагийн академиас жил бүр зохион байгуулах болсон. Монгол киночдын шилдгүүдийг шалгаруулах уг наадам ирэх сарын 15-18-нд УДЭТ-ын тайзнаа болох аж. Уран бүтээлчид нийт 18 номинацид өрсөлдөх бөгөөд энэ жил тус наадмын шалгаруулалтад “Богино хэмжээний кино” нэмэгджээ.

Мөн энэ үеэр өмнөх наадмуудад нэр дэвшсэн болон тэргүүн шагнал авч байсан киноны уран бүтээлчдийн танилцуулга бүхий “Монгол Кино” товхимол үзэгчдийн гарт хүрэх гэнэ. Энэ жил эмэгтэйчүүдийн дүрийг тод томруун харуулсан кино цөөнгүй гарсан учраас   хүчтэй өрсөлдөөн болно хэмээн зохион байгуулагчид нь итгэж байгаа юм байна. Кино наадмын хүрээнд нэр дэвшиж байгаа кинонуудаас сонгож “Өргөө” кино театр”-т улаан хивсний ёслол зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин нээлтийн үдэшлэг “Вегас” клубт, шагнал гардуулах ёслол нь УДЭТ-т, хаалтын үдэшлэг “Блю Скай” цамхагт зохион байгуулагдах гэж буйгаараа олон талын онцлогтой болох нь ээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн наадамд шилдгээр шалгарсан “Бодлын хулгайч” киног АНУ-ын Санта-Моника хотод зохиогдсон AFM кино үзэсгэлэнд оролцуулжээ. Энэ ч утгаараа, тус наадмын шилдгээр шалгарсан бүтээлийг Холливуд болон Олон улсын кино наадмуудад оролцуулах юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top