Эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханшийн тогтвортой байдалтай холбогдож таардаг алтны салбарынханд төрийн зүгээс хал үзүүлэхдээ үзүүлж, толгойг нь илэхдээ илж өнөөдрийг хүрсэн. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоосны дараагаар алтны салбарынхан далдын хар малгайн дор нуугдаж, хууль бусаар хил давуулах операцид эв санаагаа нэгтгэн, багтацгааж байв. Тэгвэл өдгөө алтны салбарынхан харьцангуй таатай орчинд үйл ажиллагаа явуулж байна. Дизелийн онцгой албан татварын улмаас олборлолтын зардал нь өмнөх жилээс өсч байгаа нь ойлгомжтой ч, төрийн зүгээс бодлогын хувьд боломжийн дэмжиж буй. Ямартаа л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болохыг нь 2024 он хүртэл 5 жилээр сунгахыг Засгийн газрын түвшинд, Монголбанкны зүгээс тус тус дэмжээд байгаа юм. Мэдээж шийдвэрийг эцэслэн гаргах нь УИХ-ын хийх ажил.
Статистик мэдээлэл дурдахад, ирэх жилүүдэд алтны олборлолтын хэмжээ 20.0-47.7 тонн, экспортын хэмжээ 15.8-40.0 тонны хооронд, экспортын орлого нь 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй гэсэн прогноз байна. Энэ жилийн эцэс гэхэд 22 тонн алт, 2020 онд 25 тонн алт худалдан авна гэсэн хүлээлт төв банкинд байгаа юм. Тэгвэл энэ оны 7 дугаар сард төв банк 2,132 кг алт худалдан авснаар, он гарснаас хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Цаашид алтны худалдан авалтыг өмнөх жилүүдийнхээс өсгөхийн тулд талуудад хийх ажил чамгүй бий. Улсын хилээр хууль бусаар алт нэвтрүүлж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, алтны гарал үүслийг тодорхой болгох, орон нутагт алт худалдан авах цэгийг нээж хөгжүүлэх зэрэг шаардлагатай ажлуудыг хийхийн тулд төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллах шаардлагатай.
Тэрчлэн 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлийг хангах ёстой юм. Тус хөтөлбөр нь алтны салбарын урт хугацааны хөгжлийг хангах, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, алтны үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах, байгаль орчинд ээлтэй алт олборлох, боловсруулах дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг өсгөх, Монгол Улсын эдийн засагт оруулах өгөөжийг дээшлүүлэхэд чиглэж буйг салбарын яамны зүгээс тодотгож байгаа юм.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Алт маань алга болоод ард түмэн хоосроод Африкын замаар орхоно дээ.Яанав?