“Дисковер Монголиа”: Цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна

2018 оны 09 сарын 06

Эдийн засаг, уул уурхайн чуулга уулзалтууд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Нүүрсний салбарынхан хоёр өдөр чуулсан бол өнөөдрөөс “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт үүдээ нээлээ. Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай “Оюутолгой”-н гэрээг үзэглэхээс  хамаагүй өмнө Монголыг олон улсад “нээнэ” гэсэн тэмүүлэлтэйгээр анх үүдээ нээж байсантай нь харьцуулвал  “Дисковер Монголиа”-д өнөөдөр ахисан түвшиний сэдвүүд хөндөгдөж байна.  Уул уурхайн сайд Д.Сумъяабазар өнөөдрийн арга хэмжээнд илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс ишлэхэд:

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү чуулганыг угтан тѳр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тѳлѳѳллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлэг ѳрнүүлж, ѳнѳѳгийн уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг нээлттэй ярилцаж, ойлголтоо нэгтгэсэн нь бидний цаашдын ажлуудын тулгуур болох юм. Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр  дэлхийн зарим орнуудын санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно.  

Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна. Уул уурхайн олборлох салбар нь 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал тус тус олборлож амжилт бүтээлээ ахиулж ажиллалаа.  Ингээд уул уурхайн салбарт ойрын үед хийгдэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд, цаашдын төлөвлөгөөний талаар та бүхэнд мэдээлэл өгч, санал солилцъё.

Таван толгой ордын талаар:  Монгол Улсын Их Хурлаас “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг саяхан баталлаа. Мөн түүнчлэн Засгийн газрын холбогдох тогтоолууд гарч, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс дэмжсэн шийдвэрүүд гарлаа. Улс төрийн гол намууд, улс төрийн институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдээд байна. Эрдэнэс Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах ажлууд хийгдэж байна.


Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглах болно. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно. Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нүүрсний давхаргын метаны хйгауул олборлолтыг эхлүүлж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний өмнө бизнесийн асар их боломжууд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэс Тавантолгойн IPO- ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт 5 орчим тэрбум долларын арав гаруй төсөлийн санхүүжилтыг шийдэж, Монголын улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээл идэвхижиж, ажлын байр нэмэгдэж, татвар төлөлт ихээхэн нэмэгдэх болно.

Оюутолгой төслийн талаар: Дэлхийн хэмжээний Оюутолгойн зэс-алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15,000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Оюутолгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой гэсэн бидний байр суурийг  бидний сайн түнш Рио Тинто компани ч мѳн хүлээн зѳвшѳѳрдѳг. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэхүү ажлын хэсэг нь Оюутолгой компани болон Монгол Улсын төрийн цаашдын хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан ойлголцолд хүргэнэ гэж найдаж байна. Хамтрагч түншүүдтэйгээ татвар, хүүгийн зардал бууруулах, зардлын хэтрэлтийг хязгаарлахад чиглэсэн яриа, хэлэлцээр өрнүүлж, тохиролцоонд хүрэх шаардлага байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны хэвийн процесс бөгөөд Оюутолгойн бүтээн байгуулалтад саад тотгор учруулахгүй гэдгийг хэлье.   Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу тус компани нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж, хүчин чармайлт гаргаж ажиллахаа удирлагууд нь илэрхийлээд байгаа. Зөвхөн Оюутолгой төсөл төдийгүй өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэгтэй цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна. Цаашид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн асуудал, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах чиглэлээр үе шаттай ажиллах болно” гэсэн юм.

Мөн өнөөдрийн хуралдаанд  “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Цаашдаа бид Монголд үйлдвэрлэв  гэсэн стратегийн бодлого баримтална. Сайн боловсон хүчнүүдийг сургана. Үр дүн харагдаж эхэлсэн. Бид энэ стратегийг хамтран хэрэгжүүлэх явцдаа хэд хэдэн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг Монголд анх удаа үйлдвэрлэж байгаа юм. Оюутолгой 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2,5 тэрбум ам.долларыг зарцуулсан. Манай гүний уурхай төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгаа” гэж байлаа.

Өнөөдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөж байгаа юм. Хуралдааны панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Лайон иенежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцож байна. Харин чуулганы хоёрдугаар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрна юм.  Тус  хуралдааны үеэр “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг "Байршил, баг ба зорилтууд", “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал, дарга Дэвид Полл "Монгол улсын хойд бүс: коксжих нүүрсний ханган нийлүүлэлт", “Степп гоулд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаа "Монгол улсын дараагийн алт мөнгөний олборлогч, “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт "Хармагтай төслийн тухай", “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн ерѳнхийлѳгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли "Өндөр агуулга бүхий алтны шинэ дүүрэг", “Орано майнинг” компанийн геологийн албаны дарга Жилбэрт Штэйн "Монгол улсын ураны салбарын нөөц, боломжууд" сэдвээр илтгэл тавих аж.

 

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

DALAI RUU GARGAHIIN TULD OLON GARTS NEE

0  |  0
Зочин(202.70.44.46) 2018 оны 09 сарын 07

Лиценц нэрээр гадныханд баялгаа зүгээр битгий өгөөд бай,... Луйварчид минь, дараа нь иргэдийнхээ хадгаламжаас татвар авч төсвөө бүрдүүлэх гэж,... гамшиг юм аа

0  |  0
Top