Джамал Инайшвили: Монголд хөрөнгө оруулалт татах маш өргөн боломж байгаа

2018 оны 09 сарын 08

Ази, Номхон далайн бүсийн 8 орны  ХАҮТ-уудын 30 гаруй төлөөлөгч манай нийслэлийг зорин ирж,  “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх” нь сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Тэрчлэн Монгол Улсад хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбоо (CACCI) -ны ерөнхийлөгч Джамал Инайшвили, тус холбооны удирдлагууд болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, бүс нутгийн эдийн засгийн асуудлаар ярилцсан юм. Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндөн ярьж, төрөлжиж чадахгүй байгаа Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой салбарын асуудлыг хөндлөө. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбарт бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломж өндөр буйг дурдаж, ОХУ-аас үзүүлэх дамжин өнгөрөх тээврийн тарифын хөнгөлөлт, бусад улсын Монгол Улсад үзүүлж буй гаалийн татварын дэмжлэг зэргийн бизнест нөлөөлөх үр, өгөөжийн асуудлыг ярилцав.

CACCI-ийн ерөнхийлөгч Джамал Инайшвили тэргүүтэй төлөөлөгчид мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзлаа. Тэд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бусад салбарыг хөгжүүлэхэд Азийн орнуудын тусламж дэмжлэг, нөөц бололцооны талаар санал солилцлоо.


Ямартай ч олон улсын ХАҮТ-уудын томоохон арга хэмжээ манай улсын нийслэлд анх удаа зохион байгуулагдаж байна. Танхимын тэргүүн Б.Лхагважав тус арга хэмжээний талаар хэлэхдээ  “Өнөөдөр Монголд Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын хоёр том системийн уулзалт болж байна. Нэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо”-ны удирдлагын айлчлал, нөгөөдөх нь БНХАУ-ын зүгээс байгуулсан “Торгоны зам”-ын Олон улсын Худалдааны Танхимын төлөөлөл мөн энэ арга хэмжээнд оролцохоор манай улсад ирсэн явдал юм. Тэгэхээр бидний өмнө өнөөдөр олон улсын ХАҮТ-уудын энэ хоёр том систем бүхий механизмыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бизнесийн орчинд яаж давуу тал болгон ашиглах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бид өнгөрсөн 20 жилд олон улсын байгууллагуудын арга хэмжээнд зөвхөн очиж оролцох хэлбэрээр явж ирсэн. Одоо харин бид өөрсдөө зохион байгуулж байгаа нь давуу тал бөгөөд хөгжлийн хэрэгслүүр болгох боломжтой” гэж байлаа.  Харин  Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвили манай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа гадны төлөөлөгчид Монголд хөрөнгө оруулах ямар боломж байна вэ гэдгийг маш их сонирхож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжуудыг танилцуулах, мэдээллийг хүргэж байгаа нь хөрөнгө оруулалт татах боломжийг илүү өргөн болгож байна. Монголд хөрөнгө оруулалт татах маш өргөн боломж байгаа” гэснийг ишлэн хүргэж байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top