Манай улс 2013 онд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэн анхдагч найман орны нэг болж, 2014 онд Ногоон хөгжлийн бодлогоо батласан юм.Бодлогын хүрээнд зургаан зорилго тавьж, түүнд хүрэх 255 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тэгвэл судалгаанаас харахад Дэлхийн ногоон эдийн засгийн индексээр Монгол Улс 80 улс орноос 79 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Тодотгоход, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Ногоон эдийн засгийн холбоо хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ногоон эдийн засгийн барометр 2018” тайланг хийжээ. Тус тайлан нь Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжиж буй өнөөгийн үйл явцыг дүгнэх зорилготой. Ногоон эдийн засагт шилжих нь өнөөгийн эдийн засгаас олон давуу талыг бий болгоно. ЭЗБӨЧСТ-өөс бэлтгэн гаргасан “Монгол Улсын ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээний тайлан”-д 2030 он хүртэл жил бүр ДНБ-ий 4 хувийг ногоон хөгжилд хөрөнгө оруулбал одоогийн эдийн засгаас илүү тогтвортой өсөлттэй, бага ажилгүйдлийн түвшинтэй, бага ядууралтай, бага хүлэмжийн хий ялгаруулдаг эдийн засгийг бий болгох боломжтой гэдгийг өгүүлжээ.
Сүүлийн 30 жилд суурьшлын бүсийн хүн амын тоо 2 дахин өсөж хотжилтын асуудал, хотжилтыг дагаад агаар, хөрс, усны бохирдол, газар нутгийн 77,8 хувь нь цөлжилтийн нөлөөнд автаж хөрсний доройтол ба цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас үүдэлтэй хэдэн зуун нуур, гол горхи ширгэж усны хомсдол гэх мэт асуудлууд үүсээд байна. Эдгээр асуудлуудыг шийдэх ганц арга нь тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэх гэж тайланд онцолсон байна.
Түүнчлэн тайланд дурдагдсан ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийн ололт амжилт болон бэрхшээлүүдийг нэгтгэн дүгнэж, Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг 10-аас 3 оноогоор дүгнэжээ.
Тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Манай улсын тухайд ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичгүүд батласан боловч, бодитой ахиц гаргаагүй байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )