Оны эхний хоёр улирлын байдлаар манай улсын эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй гарсан. Тэгвэл арваннайман оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт 5.2 хувьтай гарна гэсэн прогнозыг олон улсын үнэлгээний байгууллага “Фитч” гаргаад байна. Тус байгууллага манай улсын эдийн засаг дахь эрсдэлийг улстөртэй холбон харж байна. Хорин оны сонгуулийг угтсан улстөржсөн эдийн засгийн шийдвэрүүд гарах эсэх нь шинжээчдийн анхаарлыг татаж буй. Мэдээж нүүрс, зэс, алтны үнийн тогтвортой байдал чухам хамаатай. Ер нь бол манай эдийн засгийн өсөлтийн зураглал шинжээчдийн таамаглалаас давчихаад байгаа юм. Тэрчлэн оны төгсгөлд тэрхүү өсөлтийг бууруулан тооцож байгаа нь, эрсдэл бийг сануулж буй хэрэг болов уу. Олон улсын үнэлгээний байгууллагууд манай нөхцөл байдлыг сайн хийгээд саараар харах нь зээлжих зэрэглэл тогтооход шууд нөлөө үзүүлдэг.
Тодотгоход, аливаа улс орны төлбөрийн чадварыг зээлжих зэрэглэлээр төлөөлүүлэн авч үздэг. Зэрэглэл буурах нь зээлээ төлөхгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Манай тухайд рейтингээ өсгөхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, уул уурхайн мега төслүүдээ эргэлтэд оруулах гэсэн хувилбарууд бийг “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз”, “Фитч” зэрэг зэрэглэл тогтоогчид сануулдаг юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )